Зэгстэйн голын хэдэн хун
Эх орны минь нийслэл Улаанбаатараас баруун зүг одсон одоогийн хот хоорондын засмал цардмал хар зам тавигдаагүй байхад уул тал хөндийг туулсан арван салаа алтан шар зам яван явсаар Зэгстэйн голын гарман дээр нэг нийлж цааш дахин олон салаа болон алсардаг байлаа. Зэгстэйн гол тийм машин тэрэг гүүр тавилангүй гаталж гарч чадахааргүй том гол ус биш л дээ. Гэхдээ Өлзийт сумын өргөн хөндийг уруудсан өргөн өтгөн ногоон зүлэгтэй хуурын цар шиг тэгшхэн талбайд нь талын бяцхан горхи булгын ус газрын хэвлийг даган өргөн зайд тарж бороо хур ихтэй жил бол энэ хөндий нилэнхүйдээ усаар бялхаж байдаг болохоор зуны цагт машин тэрэг шавар усанд сууж саатах саад бэрхшээл олонтой гардаг тул энэ голд жижиг модон гүүр тавьж машин явах замыг шороон далан байгуулан өндөрсгөж зассанд нь болж тэр олон салаа зам энд нийлж сална. Бороо ихтэй зарим жил хэд хоногоор бороо үргэлжлэн орсон үед энэ голын хөндий тэр аяараа нуурлаж нөгөө замын шороон далан дээгүүр ус давж замын баримжаа алдагдаж хот хоорондын тээврийн машиныхаа хаалган дээр алдраа мандуулсан хашир бурхан жолооч нар энд хэд хоноод ядарч хашраад явах нь цөөнгүй гээч. Хөрст газрынхаа гадаргын онцлогоос болоод голын ус хөрсөндөө тарж өргөн хөвд ногоон зүлэг тогтсон бөгөөд нарийхан гол газрын хэвгийг аргадаж урссаар хөндий уруудан доошилж газрын хөрсөнд шургана. Хээрийн салхи сэрүү татуулан сэнгинэсэн энэ хөндийд далан хэлийн шувууд даль жигүүрээ дэлгэн эргэлдэж нүүдлийн шувууд ганганасан голын зүлэг даган адуу мал багшран сэргэлэн сэрүүн дэнжид нь зусландаа буусан айлууд тойруулганд ургасан мөөг адил цайран харагдах нь үүлэн сүүдэр хүүшилсэн цэцэгт номин энэ хөндий дайрч өнгөрөх явуулын хүний ойнд үлгэр домгийн диваажингийн тухай бодлыг мартахын аргагүй сэргээж үлдээнэ. Тиймдээ ч энд усны шувууд зунжингаа зугаацаж чуулана. Энэ голд нэгэн сүрэг хун жил бүрийн хавар эрт ирж намар орой болсон хойно буцдаг байлаа. Заримдаа хэдэн бүл сүрэг хун нэмэгдэж холоос сүрэг хонь юм уу гэж эндүүрмээр болж ирснээ өөр тийш нүүдэллэн одож нөгөө хэдэн хун л үлдэх. Нутгийн хүмүүс тэднийг үргээж цочоох тун дургүй, тиймэрхүү юм хийж харагдсан хүүхдүүдийг хонио нийлүүлснээс хамаагүй илүү хатуу чанга шийтгэнэ. Энэ муу сайн нүүдлийн шувууг үргээж явуулаад оронд нь малаа бэлчээхэд яадгийм гэж айрганд халамцсан цэргийн насны залууг хэгжүүрэхэд айлын өвгөн ийн хэлрүүн: Та нар шиг шүдлэн хул нэг амьсгаагаар дундалчихаж чадахгүй тарчиг юмнуудын зарим нь цэрэг чарга гэж яваад нутаг орноо мартчихаад сураг сүүдэргүй болчихоход энэ хэдэн шувууд чинь харин ирдэг цагтаа тоогоороо ирж буцдаг цагтаа буцаж бидэнд хань болж байдгийм. Яагаад жил бүр эндээ л ирдгийн учрыг чи мэдэх үү хө? гэхэд нөгөө залуу: Мэдэж цөхөөд байх юу байхав энэ гол усны загас жараахай нь арай амт шимттэй байдаг биз гэвэл өвгөн: Сангийн далайн загас жараахайг чи амт муутай гэхнүү? Харин ч давс хужир сайтайгаараа бол илүү амт шүлттэй байх шүү гэхэд залуу: тэгвэл тэр сайхан нуурандаа очоод сэлцгээж хэвтэхгүй энэ голын шаварт хутгалдаад хэвтэцгээж байдаг хажуудах нуурандаа өртөө хүрэхгүй газарт нисч буухаасаа халширсан над шиг залхуу хэд нь буусан газраасаа хөөрч нисэхээ мартаад явгалж байдгийм байлгүйдээ гэхэд нь өвгөн: Тэрэндээ бишээ дүү минь. Тэртээ хол цаст Гимлайг давж дулаан орон дэлхийг олж орогнож тэндхийн хатуу цагийг өнгөрөөгөөд хэдэн мянган бээрийг туулаад нисээд ирж байгаа амьтад арай ч айл
саахалтаасаа холдож чаддаггүй чам шиг биш байхаа гэж тавлахад тэгвэл Та бид хоёрыг таньдаг болоод тэр гэвэл зөв болох нь үү? Гэсэнд өвгөн бараг л тийм гэснээ: Энэ хэдэн гангар хун шувуу чинь бүгд л өндгөн бүрхүүлээ хагалж ангаахай болон ангалзаж энэ хөндийн агаарыг анх залгиж, энэ голын ширэг ногоон дээгүүр дэгдээхэй болон дэгдэж сэрүүн тунгалаг цэнгэг усанд нь умбаж сэлж шувуу болж даль жигүүр нь гарч ургаж энэ нутгийн тэнгэрт нисч өдөлсөн амьтад. Энэ нарийхан гол ус чинь тэдний төрж өссөн газар. Хос хун харсан хүний сэтгэл уярч холоос жигүүр далавчаа дэлгэн бүжэхийг нь хүлээнэ. Чи авгайгаа дагуулаад амьтан ах дүүгээ хэсч наадамд очиж явахдаа хос хунгуудыг хоёулаа нэг хараад өнгөрч байгаарай. Амьдрал ахуй чинь аз жаргалтай байгаагийн нэг тэмдэг тэр. Хун гэдэг сайхан шувуу сайн сайхны бэлэг тэмдэг. Аль ч аяны шувууд ар сэрүүн газар ирж өндөг дэгдээхэйгээ төрүүлж өсгөөд дагуулж аваад бүл нэмж олон болоод буцаад явдаг юм. Намайг хүний мэдээ орохын л энэ тооны заримдаа арай олон зарим жил хэд гурваар цөөн байж ирж буцсаар л байдаг юм. Би өдий наслаж өвгөн болохдоо хур бороо татуу ган гачигтай олон зун намар манай энэ нутагт болсныг мэднэ. Харин хун ирээгүй зун байгаагүй юмаа. Гангар хун чуулсан энэ нутаг усандаа шувуудтай нь хүртэл ижилдэж нэгэн насыг элээж байна даа. Тэр бурхны орон диваажинд ч ийм байдаг ч юм уу буу мэд гэж өвгөн хэлээд бэрийнхээ сөгнөсөн хултай айргийг авч хүд хүд хийлгэн хэд залгилснаа буцааж тавиад за би боллоо энэ орж ирсэн хүмүүст айраг хийж өг гэлээ. Шаварт суусан тээврийн машинд дайгдаж яваа хүмүүс ойр хавийн айл хэсэж бор ходоодоо цагаан идээгээр дүүргэж яваа нь энэ. Голын гарман дээр нэлээд хэдэн тэрэг суучихсан шавар ухаж ирсэн болон шавраас нэг юм гарчихсан зарим нь нэгнээ зайнаас нэлээд урт ган татангиар оосорлон татаж татсан зарим нь хий эргэн шаварт зоогдож зунжингаа л ийм ажил энэ голын гарам хавьд үргэлжлэнэ. Яг голын дээгүүр жижиг модон гүүр нэлээд дээр цагт барьсан боловч хүнд ачаатай машинууд голын хоёр талын бамбалзуур намагт зоогдож шигдэнэ. Би бас л тэдний нэг байсан юм. Наяад оны эхэн тэр нэг жилийн зун бидний хэдэн залуус нутгийн Хужирт сумын наадамд очихоор дарвиж аймгийн төвд буулгах ачаа авч чиргүүлтэй хоёр ЗиЛ-130 машинтай тав зургуулаа явцгаалаа. Ачаагаа аймгийн төвд буулгачихаад унаган багын найз Төмөрбаатарыгаа аваад Баттогтох бид хоёр аавынхаараа нэг орчихоод сумын наадам үзэх Ишгэн Даваасүрэн хоёр наадам авах дэврүүн бодолтой. Зуур замдаа бууж амарч олон яриа дэлгэж онгирч яаралгүй давхисаар орой болсон хойно Зэгстэйн голд ирвээ. Бүрий болохоос өмнө амжиж гармаа гараад авъя гээд яваад хариугүй гардгийн даваан дээр хоёр тэрэг хоёулаа бамбалзуурт шигдчихвээ. Нэг тэрэгний хойт хоёр дугуй тэг дундаа ортол шаварт шигдчихэж. Хүлээж бай гээд гараар дохиод байхад орос жолооч шиг хажуугаар дайраад гэж Баттогтох Ишгэнийг загнах аядахад энэ Даваасүрэн л дайр дайр гээд байсан гэх. Тэгээд нэгэнт гарч чадахааргүй болсон тул ойр хавиас трактор олох эрэлд гарч ойрх хот айл руу явцгаалаа. Бөх найз нараараа гулдаж харин ч сайхан дайлуулж авлаа. Айлд тааралдсан явуулын хүнээр аавдаа хэл явуулсанд маргааш өглөө нь аав ажлын газрынхаа арван дугуйт шинэ КрАЗ -ын жолоочийн хамт ирж бид хэдийг зовлонгүй шавраас гаргаж өгч билээ. Тэгтэл нэг машины чиргүүлийн дугуй хагарчээ. Солих болоход нөгөө домкрат нь хажуугаараа унаж шингэнээ асгаад өргөж хагарсан дугуйгаа салгаж чаддаггүй ээ. Тэгээд чиргүүлийнхээ гурилыг буулгаж КрАЗ-даа ачаад хоосон чиргүүлийн тэвшний доод өнцгөөс Ишгэн Даваасүрэн хоёул хөвөнтэй куртэк цамцаар жийрэглэж мөрлөж зэрэг дээш өргөөд дугуйг нь хийчихэж байсан шүү. Бас их
бяр тэнхээ байгаа биз. Ингэж Зэгстэйн голын гармын ажил бөхчүүлд маань сайн бие халаалт над бас нэгэн сургамж болж билээ. КрАЗ машиндаа нэг ачаатай чиргүүл зүүгээд, нуруунд нь нөгөө чиргүүлийн ачааг тавиад аав бид хоёул кабинд нь суугаад явахад цоо шинэ авсан аварга машиндаа жолооч Даваацэрэн сайн дадаач гүй өндөр урт дөрвөлжин хамар дээгүүр нь замаа олж ядан энэ хэд дугаар араандаа яваад байгаа юм буу мэдээ 5-д нь татсан санагдах юм гэсээр хөндий дүүрэн хаазтай аймгийн төв орж гурилаа аймгийн хүнсний хангахад буулгахад хэдэн шуудай гурил ногоон зүлгэнд шидэгдсэн тул норж орхижээ. Нярав нь авахгүй гэхээр нь Пүрэвдорж ахдаа учрыг хэлтэл би Даваанямаас асуугаатахъя гээд утсаар ярьснаа Хүнсний үйлдвэрт өгчих гэж байна маргааш талх зуурчих байх гурил нэг их сүйдтэй будаа, элсэн чихэртэй адилхан норж шалдгүй юм усанд дүрээтэй хоносон шуудай гурил гаднаасаа ганц хуруу хүрэхгүй норсон байдгийм гэж билээ. Тэр жилийн Хужирт сумын наадам өтгөн сайхан болж олон ч улс аймгийн цолтой бөхчүүл барилдаж, би өөрийн холын садан аймгийн арслан Норжваанчигийгаа Ишгэнд амлуулж барилдахад нь дүүгийнхээ дээлийнх нь захыг мушгиж сууж билээ. Тэр наадамд заан Долгорсүрэн түрүүлж Ишгэн маань үзүүрлэсэн. Дараа нь бид хэд Муруйн голд зусаж байгаа Ишгэний ахынд очиж хэд хоног айл хэсч айрагдаж амарч билээ. Үүнээс хойш нэлээд хэдэн жилийн хойно Москвагийн Эрдмийн Их Театрт Чайковскийн Хунт Нуур бүжгийн жүжгийг дэлхийн од болсон урлагийн мастеруудын тоглохыг үзэж суухдаа Зэгстэйн голынхоо хэдэн хунг эргэн санахад энгэр цээжээр минь эх нутгийн минь сэрүүн агаар сэлгэх шиг болж билээ.
Хонь барьдаг ноход ба хотны манааны хоёр шөнө
Би бээр идэр залуу насандаа багшийн ажилтай тэгээд л зуныхаа урт амралтаар хөдөө аав, ээж хоёр дээрээ жил болгон очиж амардаг байлаа. Манай аль ч шатны сургуулийн зуны амралт хоёр сар байдаг шүү дээ. Тэр жил би бага хүү Зоригтын хамт очиж амарсан юм. Аавынх аймгийн төвөөс өртөө хол Адаг Түрүүний голд аавын дүү Долгор эгчийн хүргэн Галбаатарынтай айл хэдэн үхэр, хонь ямаа голдуу малынхаа дэргэд тэр жил эрт зусландаа буусан байв. Манай нутагт бороо ногоо элбэгтэй сайхан зун болж хот айл болгон урт урт суман холбоо сааж сааль сүү идээ цагаа элбэгтэй сайхан зуншиж байсан цаг юмдаг. Нэг өглөө ээж нэлээд дуу муутай урд шөнө нохой хотонд хонь барьчихаж манай идэмхий хар халзан юм шиг байна гэж аавд хэлэх нь дуулдлаа. Би сэрхийн босож аав ээжийн хамт очиж үзвэл нээрэн нэг хонийг барьж бөгснөөс нь зулгааж гэдсийг гартал идсэн байлаа. Хар багаас мал дагаж өссөн болохоор нохойд бариулсан малаа өрөвдөх сэтгэл төрж хаанахын хэнийх нь нохой ингэж байдаг юм бол гэж бодсоор бариулсан хонио чирч хотноос холоо зайлуулж хаяад гэрт орж ойр хавь айлуудаас ийм юм дуулдсан эсэхийг лавлаж асуулаа. Манай хоёрт энэ тухай мэдэх юм алгаа. Удалгүй айлын Галбаатар орж ирж энэ тухай ярилцаад аймгийн төвийн золбингууд байж магадгүй бас хааяа эрэлд явж байхад зундаа ууланд гарч тарвага, зурам барьж иддэг болсон зэрлэг ноход морьтой хүн хараад зугтаж байх нь харагдадаг л юм гэж сууснаа энэ ч лав манай
энэ хавийнхны нохой лав биш байхаа гэлээ. Тэгвэл манайхны хэдэн нохой яагаад чимээ гаргадаггүй байхнэв. Хэрэв манай энэ хавийн хэдээс аль нэг нь ийм хэрэг тарьсан бол өдийд лав гэрийнхээ хаяанд гэм зэмгүй царайлаад нам тэвтэж байхгүй алга баймаараа гэж аавын хэлсний дагуу гарч бүгдийг ажиглавал тэд цөм өлөн нарийхан гэдэс гаргаж суниагаад угаадсаа идэхээр шуурхай нь аргагүй ирж харагдав. Урд шөнийн хэрэг явдлын тухай эдэнд мэдэх юм алга бололтой. Тун хариуцлагагүй байна даа гэж Банхар цолт халтар гөлөгтөө хэлбэл тэр над эрхэлж дахин хоол горьдсон янзтай толгойгоо далжийлган харж байна. Энэ муу Банхар бид хоёрт мэдэж байгаа юм даанч алгаа. Энэ талаарь хоолны сав хотонд чоно нохой хонь барьж байхад хэмжээгээ мэдэхгүй идэж гэдсээ даахгүй тас үсэрч шөнөжин унтаад. Уул нь хотны нохой шөнө дөлөөр чимээ өгч хуцвал чоно боохой ойртож байж мэднэ гээд хэн нэг нь босч гардагсан даа. Урд шөнө энд тийм юм болсонгүй. Энэ Галаа ч яахав залуу хүн болохоор нойр ихтэй бас тэгээд миний гаргасан гадаад шошготой ганц шил галуун хүзүүтийн ааганд цохиулаад нам болоо биз. Ээж аав хоёрын аль нь ч сэрээгүйг бодоход манай хэд чимээ өгөөгүй байж таарах нь ядаж нэг нь ч гэлээ чимээ үнэр авч сэрмээр ингэхээр энэ хавийн нэгнийх нь нохой байж мэдэх юм гэсэн сэжиг над төрөв. Ингээд би тэр өдрөө аймгийн төв орж аваг ахынхаа дорвинк бууг нэлээд хэдэн үрлэн сумтай авч ирлээ. Тэр шөнөө хотны манаанд гарч нүд чавчилгүй гэгээ гаргалаа. Юу ч ирж үзэгдсэнгүй хонь мал бүгд сайхан тайван хотолж хонолоо. Би өдөржин тайван унтаж амраад орой нь дахин манаанд гарах бэлтгэлээ базааж хонь ойрхон хотолж харуй бүрий болж сар гараагүй бид ээжийн хийсэн үхрийн борцны ааг хангинасан гурилтай шөлөө идэж суутал хонь үргэх чимээ гарлаа. Дүү бид хоёр ухасхийн гарч харвал хонид хотлуулсан газраа алга тул тэргээ асааж гэрэл тавин дагвал алин хэдийнээ хойт асаг хадтай хүрэн толгойн өврөөр хэдэн хэсэг болон тасарч тарсан харагдахад алсуур тойрч цуглуулж явтал нэг улаан халтар нохой гэрлийн үзүүрт үзэгдлээ. Буугаа онилон буудах гэтэл шувууны бууны үрлэн сум хүрэхээргүй хол зайтай байв. Жаахан ойртох гээд дөхтөл хэсэг улаан дэл хад тээглээд болсонгүй. Нохой нэг зогсож эргэж харснаа хүрэн толгой тийш харваж зугтаж амжлаа. Би буудаж амжаагүйдээ бухимдаж газрын эвийг олоод гарч чадахгүй урагшгүй юм УАЗ-469 чинь уул хадтай замгүй газрын машин байхгүй юү гэж муу дүүгээ зэмлээд хоёул хонио цуглуулж явган тууж ирж хотлуулаад манаж хонолоо. Маргааш нь ээж нэг хурганы хоёр чихийг угаар нь тас хазсан байхыг олж харжээ. Олж үзвэл овоо том харандан хурга хулгар болчихсон тожийсон толгойгоо салхи өөд яльгүй гэлжийлгэн зогсож харагдахад нь хөөж барьж ирээд цагаан даавуугаар чихнийх нь угаар даруулан битүү боож нүднийх нь харалдаа хоёр том нүх ухаж хайчилж гаргаад тавилаа. Үүнээс хойш хэдүүл ээлжлэн манаанд гарсан боловч чоно боохой, нохой бололтой юм алин ч хотонд дахин эргэсэнгүй болохоор би шөнийн манааны албаа буулгаж манайхан эсгий хийх ноосоо савж гарлаа. Айлын нэг хонинд эргүү туссаныг бэлчээрт гаргаж аргамжиж орхижээ. Үд хэвийн бид хэд ноосоо саваадан савж хол ойрын сонин хөөрөлдөн их л хөгжүүн яриа дэлгэн суутал ээж гаднаас аргал оруулж явснаа бидэнд хандан тэнд шувуу эргэлдээд байна улай гарсан юм биш байгаа явж үз гэхэд нь дүү бид хоёр гэрээс буугаа авч мотоцикль асаан тэр зүг давхиж очвол нохой нөгөө аргамжсан эргүүг барьсан байв. Яаран эргэн тойрон харвал нэг хар нохой тэртээ урд араад байдгаараа сунаж байнаа. Хойноос нь элдэж хөөсөөр гүйцэж чадалгүй Хилэнгийн Хадатын Усны зусланд буусан айлын гадаа
оруулчихав. Нохой нэг айлын гэрийн сүүдэрт хэлээ унжуулан аахилж хэвтсэнээ очингуут босоод зугтлаа. Тэгэхээр нь алдчих байх гэж яараад гаднаа байгаа хүмүүст энэ хар нохой сая хонь барьчихлаа гэж хэлчихээд хөөж гүйцээд буудаж устгалаа. Гэртээ ирээд энэ тухайгаа ярьж түрүүчийн хурганы чих авдаг бол том улаан халтар юм байсан саяын хар ч манай хотонд эргэсэн байж магадгүй ямар ч байсан нэгийг дарж авлаа. Тэр халтар тэгж байгаад дахиад эргэж мэднэ буу дуугаргаагүй байхад эргэж ч харалгүй харваж байхыг нь харахад бас тэгээд энэ олон хонож байхад эргэж ирэхгүй байгааг бодохоор нэлээн хашир галзуу байж таарлаа шүү гэж онгирон ярьж суутал ээж хэнийх нь нохой байсан юм болдоо асуухгүй яасан юм бэ? гэхэд дүү тэр айлын гадаах хүмүүсийн нэг нь ч манай нохой яаж байгаа галзуу вэ гэхгүй байсан даг ах бид хоёр хонь барьсныг нь хараад хөөж ирлээ гэж хэлсэн шүү гэсэнд тэгвэл гэмийг нь мэддэг байсан юм боловуудаа аягүй бол тэр хавийн нэгнийх нь нохой байхдаа гэв. Зун болоод айл саахалтаараа ойртоод ирэхээр сүүлийн жилүүдэд нохой хонь барих юм манай энд зөндөө зөндөө олигтойхон буутай юм бараг байхгүй үүрээд даагдахааргүй хуучны урт харвин, овоо хараа нь юманд цохиод гэмтцэн муу халиавар заримд бий байх ан авд санаархдаг юм нэг ч байхгүй болохоор золбин нохой ч хүнээс айхаа байгаад хот эргэдэг болж гэж Галаа үглэж суунаа. Тэгэхээр нь энэ бууг чамд үлдээгээд явна халтрыг яахыг чамд даалгаж орхилоо хэрхэхийг чи мэд гэж хүргэн дүү Галбаатартаа аминчлан захиад хүү бид хоёр хэд хоноод Улаанбаатар буцсан юм. Дараа жилийн зун гэр бүлээрээ айраг цагаа дэлгэрсэн сайхан цагаар аав, ээж дээрээ амрахаар дахин ирэхэд ноднин жил миний зугтаалгаж алдсан халтар нохойн хэрэг шийдэгдсэн байв. Тэрээр тэр намраа гэгээн цагаан өдрөөр айлын бэлчээрт байсан хонинд халдаж үйлдэл дээрээ баригдаж нутгийн малчин залуугийн зэлний төмөр гадсанд амь тавьсан ажээ. Хожим учрыг дуулахнаа уг улаан халтар урьд нь манай сум нэгдлийн жолооч байгаад хөдөө нүүж ирсэн нэгний нохой байсан бөгөөд өөрийн хотоо сайн манадаг хэрнээ холоо байх айлын сүрэгт халдаж явсан айхтар ухаантай золиг байсан байж таарав. Тэр зун гэрээсээ хэдэн гүвээ толгодын цаадах манай хотыг эргэж байхдаа огтхон ч гэм хийсэн шинжгүй амьтан сүүлээ босгоод шогшиж явахыг нь миний бие дурангаар харснаа эргэн санав. Гэрийн эзэд тохитой улс болохоор бид огт хардаж бодоогүй билээ. Хэрэв би тэр дороо эднийхээр орж юу болсон тухайгаа дуулгасан бол тэд мэтийн гүндүүгүй хашир улсууд манай энэ муу халтар зарим орой гаднаа байхгүй байгаад байсан шүү мэдэж байгаарай гэх байсан даа. Ойр хавийн айлууд олон ижилхэн дөрвөн нүдтэй улаан халтруудтай болохоор хорьдын сар гараагүй зуны шөнө машины гэрэлд харагдсан төдийгөөр алин болохыг би ялгаж чадалгүй алдаж ядаж бушуухан буудаж шарх авхуулсан бол хэнийх болох нь тодрох л байсан байхдаа. Ийнхүү гэрийн сүүдэрт ижий дүү нартайгаа нохдын тухай ярьж суутал аав намайг гэрээс дуудаж энэ гэрийн талаар дэлгэсэн ном цаасаа нэг хумиж янзал гэснээр би аавынхаа ерөнхий редакцийн доор ноороглож суусан ургийн бичгээ авч танаас тодруулах юм байна гээд энэ таны төрөл Дашийн Цэрэндоржийн Алтангэрэлийнх чинь хаана байдаг айл вэ? гэж асуувал яагаав ноднин чи нохойг нь гадаа нь буудчихсан тэр айл чинь байхгүй юү гэж уурсангуй хариулж билээ.
Шуудангийн хэдэн жолооч
Газар тэнгэрийн завсраар юуных нь мэдэгдэхгүй их дүнгэнэсэн дуу гарч нэг үмхий хангинуулсан дөрвөлжин хар бараан амьтан тоос манаруулан хурдан давхиж үнэрийг нь авч барааг нь харсан адуу мал сониучлан даган хулжиж одсон нь манай нутагт чийчаан хэмээх машин тэрэгний мөр анх гарч байсан нь тэр ажээ. Тэр цаг одоогоос зуугаад жилийн өмнөх нэгэн мянга есөн зуун гучаад он. Ер нь манай улсад өнгөрсөн 20-р зууны эхээр л машин чийчааны барааг анх харж бүүр 1925 онд Хатан Туулын хөндийн Бөхөг Цагаан Толгойн хөрсөнд агаараар нисдэг аэроплан гэгч явгалж,1938 онд Налайх УБ-н хооронд уурын бух тэрэг анх явж, 1926 оноос Сэлэнгэ мөрнөөр усан завь онгоц хөвүүлж эхэлсэн түүхийн баримт бидэнд бий. Үүнээс хойш бараг хагас зуун жилийн хойно 1949 он хүрч байж аль 1236 оноос Өгөөдэй Их хаан зарлиг буулган гүйцэтгүүлсэн уургийн улаа морин өртөө сая нэг авто өртөөгөөр солигдож бүх аймгийн төвүүдэд шуудан тээврийн алба автобааз байгуулагдаж модон кабинтай ГАЗ машинууд аймаг сумдын шууданд үйлчилж эхэлсэн байна. Тэр үед жолооч ховор болохоор байгаа хэд нь тэнгэрийн умдаг атгасан мэт тэнхлүүн юу чаддагаа үзүүлж гайхуулсан мундаг амьтад байж. Жолоочийн сургуулийг одоогийнх шиг ганц сар илүү хийгээд дуусгачихдаггүй бүтэн хоёр жил үзэж гардаг байж. Сумдын шуудан долоо хоног бүрийн 2 болон 5 дахь өдрүүдэд тогтмол явна. Гарахдаа их дэг журамтай бүхнийг бурхан жолооч мэдэж зохицуулна. Чухам хэдэн цагт явах нь тодорхойгүй ч бас үдээс хойно өмнийн багцаатай. Холбооны үүдэнд ирж шуудангаа хүлээж авах тул хүмүүс тэнд сууж ирэхийг нь тэвчээртэй хүлээнэ. Шуудангийн тэрэг ирж зогсонгуут хаашаа явахыг нь асуугаад тэр зүг явах нь машины тэвшинд дугуйг нь дамжин өндрийн харайлтын тэмцээнд хүчээ үзнэ. Шуудангийн машины тэвшин дээр жолоочийн кабины ар тушаа аравчны сараалж төмөрт өрхний хялгасан оосроос арай бүдүүн олсоор тэвшний буланд бэхэлж хадааж уясан нэг том төмөр поошиг түүний хажуу шалан дээр эвхэж тавьсан татлагны болтой олс байна. Хүмүүс шуудай савтай ачаа, бетон саваараа суудал засч авна. Дараа нь жолооч том берзинтэн богцтой сумдын шууданг авчирч өгөхөд хүмүүс түүнийг болгоомжтой гардаж аваад доороо хийж сууна. Хүн олонтой бол чадал муутай нь үлдэж хоцроод дараагийн шууданг хүлээнэ. Жолоочийн кабинд нэг ямбаны суудал байх боловч тэнд хэн сууж явахыг жолооч бүрэн мэдэх тул тэр нь үл таних нэгэнд олдох нь үгүй. Ингээд хөдөлж уурын тэрэгний байцаагчид очиж тоормосоо шалгуулаад дугуй шороон дээгүүр чирсэн мөр зурайж харагдвал машиныг бүрэн гэж үзнэ. Эндээсээ хөдөлж нэлээд яваад зогсож жолооч тээврийн хөлс мөнгөө хурааж тоолж аваад литр гэх төгрөг мөнгөний хүснэгт бүхий өнгөт цаасыг хоёр хурууны хайчаар нямбайлан хайчилж авч тасдаад шуудангийн машинаар зорчсон тасалбар баримт олгоно. Сум бүрт тусдаа шуудангийн машин гаргах боломжгүй учраас ойролцоо нэг чиглэлийн хоёр гурван сумдын шууданд нэг л машин явна. Төгрөг, Баянголын шууданд нэг Гучин, Ховд, Богдын чиглэлд нэг, Хайрхандулаан, Нарийнтээл, Баянтээгийн Уурхайд нэг, Зүүн Баян-Улаан, Хужирт, Хархоринд нэг, Өлзийт, Зүйл нэг, Баян-Өндөр Сантад нэг, Уянга, Тарагт нэг л шуудантай байх жишээтэй. Шуудан гэдэг нэрийг зүүж яваа нь Намын Үнэн, Залуучуудын Үнэн, Хөдөлмөр, Хөдөлмөрийн Төлөө сонин, Матар, Тоншуул бусад ухуулгын болон албан бичиг, бусад сэтгүүл, захидал бөндийтөл дүүргэж хийсэн хэдэн берзинтэн богцнууд. Дээр нь
очих сум суурингийн хаягийг будаг хорын харандаагаар ялган бичиж битүүмжлэсэн байх. Чөдрийн морь шиг болсон хэдэн ГАЗ-51 машин сумдын шууданд халаагүй ээлжлэхээс гадна бас шуудангүй өдрүүдэд өргөн хэрэгцээний бараа будаа гурилын тээвэрт гүйж олны танил болсон хэдэн шуудангийн жолооч оноож олгосон тэргээ өөрийн юм шиг арчилж хамгаалахын хүчинд улс амьтны ирж очих ажил хэргийг таслахгүй амжуулах гэж таван чөлөөгүй явцгаана. Баазад өөр хэдэн ачааны монхор ногоон ЗиЛ машин байх агаад тэд цөм л эднийхээ адил амрах завгүй өвс тэжээл, түлээ мод, өөр бусад ачаа бараа тээж адилхан завгүй байна. Шуудангийн хэдийг бодохноо тээврийн хэд нь арай чөлөөтэй хол ойрын тээвэр хийж хот хөдөө явна. Хоног хугацаа алдлаа гэж хэл ам гарахгүй зам дагуу айл хэссэн ч яав ийв гэх юмгүй тэрэг чаргаа эвдэж бензингүй суучихгүй л бол болгоод байна. Шуудангийн хэдэн жолоочийг хүмүүс янз бүрээр л ярина. Зарим нь хэдэн богцтой шуудангаа мэнд хүргэчихвэл буцахдаа санаа нь амарч ихээхэн дураараа загнана. Зан муутай аяга юм амсуулчихдаггүй айл бригад сууринд дээрээ хэдэн хүнтэй яваа бол гар өргөсөн ч зогсохгүй давхиж өнгөрөнө. Модон кабиндаа эзэн хаан шиг эрхтэй. Тэгэхээр нь сууж явж чадаагүй нь мөчөөгөө өгөхгүй араас нь дөрвөн дугуй нь дээшээ, дөрвөлжин тэвш нь доошоо хармар гэж хараалын үг чулуудана. Харин Сандагдорж, Бэрэнбарал, Бямбатогтох, Төмөрбат, Баньд, бас улаан нүдэн Цэрэндорж ...гэсэн тохитой хэдэн жолооч байнаа. Энэ хэддээ нутгийн зон их ам сайтай. Миний сайн мэдэх у.н.Цэрэндорж гуай өвөл, зун, эрүүл согтуу аль ч үедээ улаан нүдэлсэн амьтан. Зарим танил нь хүүхдээ уйлахаар за тэр машин дуугарлаа улаан нүдэн Цэрэндорж ирж байна шүү гээд дуугүй болгоно. Хоёр нүднээс нь өөр хүүхэд шуухад айлгаж цочоохоор муу зан авир төрх түүнд юу ч байхгүй тэгш сайхан биетэй түүчээ шар шиг номхон эр хүн. Халамцсан үедээ дараагийнхаа зогсоолд яарч хурдан давхиж донслуулдаг л нэг гэмтэй. Улаан нүдэнгээр ирсэн чинь согтуу давхиад элэг бөөр нийлүүлчих шахлаа гэж л байх тэглээ гээд гомдол зарга мэдүүлсэн нь нэг ч үгүй. Сумдын хоорондох суурин газруудыг шуудангийн машин дайрч гарах бөгөөд аймгийн төв Гучингийн хооронд хуучин Тарагт сумын суурь манай Туяа бригад байх. Манай бригадынхан Цэрэндорж гуайд бүр ч илүү сайн. Хэнийхийн ч хамаагүй гадаа ирж зогсоно. Сууна гэсэн болгоныг нь чихэж аваад явна. Хүүхдээс зардал авахгүй, хэдэн ч хүүхэд суусныг тоолох ч үгүй сууж яваарай гэж хоёр том улаан нүд эргэлдүүлж айлгана. За тэр шуудангийн богц тавьсан шүү дотор нь хэсгийн төлөөлөгчийн захиа, эмнэлгийн захиалга хийсэн шүү битгий айл хэсч яваад хаячихаарай аяга халуун цай уугаад явж үз гэж Дулам эгчийг хэлэхэд цайгаар яах вэ бэлэн юм амсчихаад явъя гэнэ. Түүнийг согтуу байсан гэхэд дараа нь урд нь буугаагүй айлынхаа гадаа ирж зогсоно. Эв эрүүл байсан гэхэд бас хэцүү гарч машиныхаа хойт дугуй руу морь харчихаад кабиныхаа бариулыг мулт татах шахам дарж хаалгаа дэлгэж онгойлгоод орж сууж нэлээд юм эрж, авч тавьж бүртгэж үзээд машинаа зөв зүгээр асаагаад явж өгнө. Нэг удаа мань хүн аль билээ нэг сумын шууданд яваад аймгийн төвд ойрхон дайрганы энгэрт ирээд бензин нь дуусч зогсчээ. Тэгээд сууж явсан албаны болтой нэг нь бензин тосоо базааж явах нь яасан амьтан бэ? гэхэд нь дуулсан янзгүй замын машин харан яах билээ гэсэн янзтай гайхширч байснаа сумын кино механикч гэж нэг юм илүү хийгээд авчихаж гэж байсан гэдэг. Ийнхүү тэрээр аймгийн хэдэн сумдынхаа шороон замыг ховил татан хотойтол шууданд давхиж замын айл хотод бууя гэснийг нь ойртуулж буулгаж даллаж
дуудсаныг нь дайрч авсаар аваар осол ч гаргаагүй, засгаас авсан гялайж гялтайж, овойж оцойсон шагнал ч үгүй ардынхаа дунд түмний жишигтэй ажиллаж амьдарч явсаар ард олондоо Адарсурэн шиг дурсагдаж үлдсэн юмдаа. Манай тэнд улаан нүдэнгийн зам гэж газрын цагааныг барьж гаргасан ялимгүй тойруу жим зам байх бөгөөд түүгээр цас бороотой цагт машин тэрэг явах нь олонтой. Хөдөөнийхөн улаан нүдэнгийн зам ээлтэй цас, шаварт суух зовлон байхгүй, донсолгоо доргиогүй түүгээр яваарай гэж захина. Мотоцикльтой согтууд мэдээтэй явж үзээрэй гэхээр зүгээр би улаан нүдэнгийнхээ замаар давгүй давхиад харьчихна. Гэрэлгүй мотоцикльтой ч гэлдрээд явахад яадаг ч үгүй юм гэх. Нас дарж түүнийг шууданд явахыг больсноос хойш хөдөөгийнхөн аймгийн жолооч нараас дандаа сураглаж асууж харагддагсан. Аймгийн шуудангийн хэдээс хамгийн ахмад нь Сандагдорж, Бэрэнбарал гуай хоёр 45 оны Японоос Эх Орноо чөлөөлөх дайнд фронтод сум зэвсэг хүргээд тэмцэж явсан дайчид. Дайн байлдаанд явсных ч юм уу эсвэл угийн жаахан яаруудуу ч зан төрхтэй хүн юм уу Сандагдорж жолооч шаламгай хөдөлж хурдан давхиж харагдана. Бэрэнбарал нь болохоор нэлээд тайван их дүнтэй миний ангийн ганц найз Сэмжаандонжидын аав Түндэвийн Дорж гуайн дотно анд болохоор урд талын хэдэн сумын шууданд явах, ачаа бараа хүргэхдээ болж л өгвөл тэднийхээрээ дайрч Пэрлийдулам эгчийн гарын цайг ууж аваад мордоно. Эдний сайн танил найз Бямбатогтох гэж бас нэг шуудангийн жолооч байна. Тийм болохоор тэдний ойр тойрны айл саахалтын хүмүүс аймаг сум явахаар бол Дорж гуайн гадаа машин ирэхээр очиж суугаад замын машин тосох зовлонгүй сайхан. Энэ хэдэн ахмад жолооч нар айраг тарганаас илүү шимийн юм огт хэрэглэхгүй тэр болгон айл хунар зам дагуу хэсээд байхгүй ч замаас гарч жаахан дөхүүлээд буулгах яриа байхгүй нь нэг хэцүү. Машин тэргэнд сууж хол алсхан явж үзээгүй ардууд хөдөөд олон. Тийм хүмүүс машинд суугаад бензиний үнэр замын донсолгооноос болоод дотор нь муухайрч бөөлжих нь шуудангийн жолооч нарт хэвийн үзэгдэл бөгөөд ялангуяа өвлийн цагт бол тэвшнийх нь хоёр хажуугийн хашлага цагаан халтар юм явах. Зарим нь ходоодон доторхоо гаргаж дуусаад хий огиулж зовох тул энэ зовлонг мэдэх жолооч нар ойр байх айлын гадаа очиж халуун цай уулгаж балгуулж сэргээн засах эмчилгээ хийж амраагаад хөдлөнө. Баньд гуайн хэдэн ах дүү танил нь зундаа Дайрагны энгэрээр дүүрэн байх тул мань хүн урд чиглэлийн хэдэн сумын шууданд яваад буцахдаа урагшаа шалавхан явж цаг гаргаж ирээд дайрганы хэдэн айлаар дамжсаар орой нар жаргаж байхад аймгийн төвийн бараа харна. Ойрхон боллоо нар дээр байна бууж амарч бай тэрэг халаад байна гээд машиныхаа хамрыг сөхөж хаячихаад айлд ороод суучих. Хүмүүс цангаж байгаа байх цай идээ өг гэж орсон айлдаа даалгавар өгчихөөд гарч нөгөө айл руу шалмаг аргагүй алхаж харагдах. Хүлээж ядсан зарим нь машины тэвшин дээрээ шовойсоор байхад дотор нь муухай нэг хоёр нь хоёр ээтэн гутлаа тайлж дэрлээд гэрийн сүүдэрт хажуулдаж хэвтэнэ. Удасны эцэст жолооч аль айлд орсон бэ? Одоо нэг л айл үлдсэн үү гэж байсаар Баньди гуай улаан ягаан болж аваад явж хормойгоо дэвсэж сууж холгүй морь харчихаад хүмүүсээ суулгаж айл амьтнаар унтаж хоцорсон юм байхгүй биз гэж лавлаж аваад намуухан гэлдрүүлж ямар ч донсолгоо доргиогүй машинаа улам сайн жолоодсоор дээр нартай харагдсан аймгийн төвд нар орсон хойно очоод хүмүүсээ баруун зүүн балгас, эмнэлгийн хашаа, бензин колонкийн наад дэнжид хувааж буулгачихаад холбооны араар орж хэдэн богцтой шууданг нь оруулж чулуудчихаад
бааз руугаа гэлдэрсээр бензин хариугүй дууслаа гэсээр орж тэргээ тавьчихаад хоёрын бетонтой юмаа авч манаачдаа тагаар нь нэг хийж өгчихөөд гэрийн зүг Дэлгэрэхийн гол өгсөөд алхаад марш болно.
Арвайн талын цээжинд цас бударсан өглөө
Зуны тэргүүн сар хэдийнээ гарсан ч миний төрсөн нутагт энэ өглөө нойтон цас малгайлан орж чийгтэй сэрүүн байлаа. Нэг хоёрхон өдрийн өмнө улаан шороо эргэж тэнгэрт боссон тоосны мананд газар тэнгэр нийлж тэртээх уужим тал уул толгод аль нь ч харагдахгүй салхи нүдэж байсан бол энэ өглөө унах нойтон цасанд нөгөөх омголон салхи номхорч тоос дарагдаад нойтон чийгэнд нялх ногооны үнэр сэргэн хамар цоргиод хаашаа л харнав орог саарал тэнгэрийн оройгүй мандлаас бургах цасны мананд ойр хавийн юмс шинэ цагийн орд харшийн шилэн цонхонд торгон зөөлөн торон хөшиг татсан мэт бүдгэрч харагдана. Би дулаан гэгчийн хувцаслаад өглөөний алхах дасгалаа хийхээр яаран гарч нохойд барих нэг мод түлээний хажуугаас шүүрэн авч бариад хашаанаас гарч хэсэг алхаад гарт байх модоо сонирхвол хотойтлоо элэгдэж тэхий дундуураа хоёр хуруу хүрэхгүй шахам болсон хуучин хэдрэг байв. Үүний хоёр талын бариул нь мөлийтөл элэгдэж нэлээд хэдэн шүд нь онгойтол унаж бусад нь мөлийж намсан ор төдий юм үлджээ. Гадаа удаан байж нар салхинд гандаж бороонд угаагдаж, цас шороонд даруулж хэвтсэн болохоор түүнд шингэсэн нэхийний тос хэдийнээ арилж хувхай цайж гандсан байв. Хүний мэдээ орсон цагаасаа миний мэдэхээр ижий аав хоёр энэ хэдрэгээр нэхий элдэж дүү бид нарт хангайн гол мөрөн голгүй тас хөлдсөн гурван есийн хүйтэнд даарахгүй дулаан дээлийг муу ээж минь хөх зүүгээр хэдэн хурууныхаа өндгийг хатган байж оёж хийж өгдөгсөн. Тэгээд над багадсан дээлийг дүү нар дамжуулан өмсөж элээнэ. Зузаан үстэй нэхийг эгнэх амаргүйг би мэдэх юм. Хөвөн нарийн утсаар хөвөрдөж эгнээд хийхэд миний дээлэнд тав зургаан бүтэн нэхий хэрэгтэй нэг нэхийг элдэж зөөлрүүлж бэлэн болгоход дор хаяж долоо хоног болно гээд бод доо. Эмжээр хажаар хийж өнгө татаад хавж, товч шилбэ хадаж дуустлаа чимхлүүр олон ажилтай. Ингэж ээжийнхээ оёж өгсөн дулаан дээлэнд би өдөр өдрөөр даарахыг мэдэхгүй өсч том болж эрийн цээнд хүрч энд тэнд хол явж өдий хүрчээ. Өвлийн ид хүйтэнд нэхий дээлийг үсээр нь эргүүлж гадаа тавиад цасан дээр сэгсэрч нарийн саваагаар гөвж үсийг нь сэргээж өмсөхөд бүр ч илүү дулаан болдог бас зузаан хунгар цасан дээр дээлээ дэлгэж дэвсээд дээшээ хөх тэнгэр харж амарч хэвтэхэд доороос дааруулж хайрахгүй дулаан тэрхэн агшинд эрх чөлөө гэж үүнийг хэлдэг болов уу гэсэн юм бодогдож байсан санагдана. Хэдрэгний мөлийсөн хэдэн шүдийг харан энэ хөөрхий хэдэн нэхий элдэж ээлээ бидэнд өгсөн юм болоо гэж бодохоор ижий аав хоёрынхоо идэр залуу байсныг санаж олон жилийн тэртээ аав Хараатын өвөлжөөнд гаднаа хангайн хар модыг тайрч хөрөөдөн харуулдаж засаад бариул, олон босоо гурвалжин шүд гарган урлаж хийгээд над нэхий яаж хэдрэгдэхийг зааж өгч байсан нь бүүр түүрхэн бодлоос бага багаар тодорлоо. Өнгөрсөн цаг хугацааг бодоход одоогоос бүтэн жарны өмнө байжээ. Би ингэж бодсоор аавын гэрийн баруун хойтох Буга Согоотын өндөрлөг өөд хэдрэгээ ар нуруундаа хөндлөн үүрсээр орой дахь чулуун овоонд хүрч очлоо. Энд олон зууны тэртээх нүүдэлчдийн үлдээсэн хадны сүг зураг нойтон цасанд тодорч байх тул түүнийг сонирхон үзэж гар утасныхаа дурангаар хэдэн зураг дарлаа.
Уулын оройд цас лавсан бударч хад чулуунд наалдан буухдаа хайлж ус болон бууж олон янзын амьтдын сүг зургийг угааж буйг харах тусам ухаан бодолд урьд хожидын улбаат түүх нэхэн санагдаж ураг удам угсаа гарлаа бодоход хөтлөнө. Энэ мэтийг бодон хэсэг зуур саатан зогсож эргэн тойрноо ажаад урт амьсгаа татвал цэвэр агаар цээж дүүрээд ахуй сэтгэл аяндаа сэргээд хараа улам улам сайжрахын хэрээр эргэн тойрны юмс цасны буданд усан будгийн зураг адил уусан алсдаа бүдгэрч харагдах нь сэтгэлд үнэнхүү таатай агаад бие хөнгөрч байгалийн сайхныг бишэрч Өврийн сайхан хангайнхаа сундалдсан олон уулсын хэцийг барин хэдэн өртөө алхсан ч чадмаар юм шиг болж билээ. Удалгүй салхи урдаас эргэж сэвэлзэн тэнгэр цэлмэж эргэн тойрны уул тал тодорч ил боллоо. Уулын бэл жалга нов ногоон үзэгдэж хэдэн хонь ямаа, арваад үхрийн бэлчээрт ойрхон толгой дээр хариулж суугаа эзэн нь хад чулуунаас үл ялгагдах бараан бороо цасны бололтой цув нөмрөгтэй хөдөлгөөнгүй сууж харагдах нь хөшөө чулуу юм уу гэмээр. Сургуулийн бага насандаа бяцхан балчир дүүтэйгээ энэ л доор харагдах жалга, судгийг нэгжин зурамчилж Зүлгэн худаг, Бурхи, Ширүүн, Дайрагны энгэрээс хичээл сургуульдаа мориор давхиж явсан даа. Одоо тэр зам харгуй бүдгэрч зарим ус булаг ширгэж хатжээ. Ундраг сайтай задгай ус, худгууд л уул усны минь өвгөд шиг хувиршгүй нэгэн зангаараа хүн малын ундаа болсон хэвээр. Би бээр энэ нутагт төрж өссөн нэгэн болохоор ертөнцийн жамаар элэгдэж өвгөн буурал болсон ижий аав хоёртоо энэ дэлхийн нөгөө бөөрнөөс зорьж ирж уулзан золгож байгаа минь энэ. Яг одоо 90 хол давсан настай аавыгаа асарч суухдаа үүнийг яаран татаж сууна. Элдүүрийн энэ хэдрэг маань зузаан хөрстэй нэхийний тос нэвт шингэсэн хулсан шар өнгөтэй дөрвөн хуруу өргөн байсан юм шүү. Аав ээж хоёрын минь алганы хээгээр үрэгдэн элэгдэж мөлийсөн бариултай араа шүдгүй болсон энэ хэдрэг ахуй амьдралд минь хамт байсан болохоор хэрэг болгож аваад явлаа би үүнийгээ холын Америкад. Урьдын түүхийг чи над ярьж байгаарай тэнд. 2015.06.04 Пүрэв гариг. Арвайхээр хот.
Зуны эхэн сард зуслангаа зорьсон нүүдэл
Тэртээ тавиад оны сүүлхэн орон даяар нэгдэлжих хөдөлгөөн ид өрнөж байсан цаг зуны эхэн сар гарангуут манайх нэг өглөө эрт 4-5 тэмээнд гэрээ ачаад дүүг өөжинд нь хийж манай самсаа сэтэрхий гэх номхон тэмээндээ бурхны авдартай тэнцүүлж тэгнээд ижий миний унах дуртай номхон хээрийг мөнгөн эмээл, хазаараар гоёж ачаагаа хөтлөөд манайх Тарагтын Цагаан Зооноос Авзага хайрханы ар хормойд байх Зодохын бригад руу гуч гаруй км. хол нүүж билээ. Тэр үед цөцгийн тос масло бэлтгэх зорилгоор айл бүрийн саалийн үнээний тоогоор улсад тушаах сүүний норм тогтоож, сүү хүлээн авч үхрийн сүүнээс цөцгийг нь ялгах сүүн заводуудыг үхэр мал олонтой аймгуудад ус бэлчээрийн сайхныг сонгон буулгаж малын ашиг шимийг авдаг нэгэн шинэ албыг аймаг, сумын захиргаанаас шийдвэрийг гарган шуурхай хэрэгжүүлдэг байв. Аав багийн даргын ажилтай болохоор бусад айлуудыг отрын ч болов гэрээр сүүн заводад даруй бууж сүүгээ тушаахыг хөөж шаардаж хэдэн хоног айл хотуудын хооронд мориор давхиж таван завгүй. Тиймдээ ч манайх үлгэр жишээ болж яаран ачаалсан нь энэ. Ижий 36-гийн ягаан торгон дээлээ өмсөөд номхон хээр мориндоо ясан хяртай ягаан хондон бүүрэгтэй эмээл дээрээ цэх сууж
ачаагаа хөтөлж, аав бид хоёр өвөөгийн манай хоёрын саалийн хэдэн тугалтай үнээгээ сувай үхрээс ялгаж туугаад, ачааны араас заримдаа ээжтэй зэрэгцэн манай Хойлог нохой ачааны хойно өмнө гарч гүйж дүү өөжиндөө бүүвэйлэгдэн тоглоомоороо зугаацаж явна. Алсын уулнаас хөхөөн дуу уянгатай сонсогдож, зам зуур малын бэлчээрт хөх аргал хөглөрч, хонь ямаа цацсан шагай шиг ногоо хөөж тарсан, холхон зайд хэдэн адуу усанд цувж, ноосоо чирсэн тэмээд харгана бударганы дундуур хаа нэгтэй хэвтээ босоо үзэгдэж хуучин Тарагтын суурин ойртон ойртож харагдсаар тэмээдийн бөх шиг бөмбөгөр оройтой Ундайн хүрэн уулсын баруун бие Дугуйн Шандын хоолойг өгсөн манай ачаа нүүдэл аажуухан явсаар үдийн хэрд Авзага өндөр Хайрханы баруун сугаар орж Хөтөл Усны Дөрөлжөөр давлаа. Зам зуур Ногоон Хөв, Эргэн Усны айлууд нүүдэл тосон ирж биднийг цай идээгээр дайлсан тул ээж зусландаа яарч цааш шамдуухан хөдөллөө. Аав бид хоёр замдаа ойр айлаар бууж нялх тугалаа амраагаад ачааныхаа араас хөдөлж Хайрханы баруун хөтлөөр давтал ачаа хөсөг, ээжийн бараа харагдаагүйд аав над үхрээ машин зам дагуулаад тууж бай гээд яаран давхиж одлоо. Миний хөөрхөн цоохор морь биеэр хэдий бэсрэгхэн үрээ боловч хөл минь дөрөөндөө хүрэхгүйн зовлон над бий болохоор мориноосоо буучихвал эргээд мориндоо дөрөөлөөд мордож чадахгүйн учир нялх тугал ядраад хэвтчихээр бууж өргөж босгож чадахгүй тул босгох арга хайж морин дээрээсээ ташуурынхаа сураар нурууг нь шүргүүлэн гижигдэж үзээд нэмэргүй болохоор үхрээ хол явчихаас нь өмнө эргүүлэх гэж шогшуулж гартал ашгүй аав тэртээ газрын дээрээс айсуйг хараад тосон очвол ээж нь их дээгүүр зам дөтлөөд хэц бариад гарчихаж Хайрханы ар уруу ногоонд тэмээ хальтарч мэднэ аав нь буцаад явъяа миний хүү үхрээ зөөлөн туугаад явж бай, нялх туглуудаа битгий их хөхүүлээрэй сүүндээ пологдоно” гэж хэлээд надыг мориноос буулгаад барьж явсан тэнзэн ташуураа над өгч, олом чангалж өгөөд буцаад давхиад явчихлаа. Би цэцэг алагласан уулын бэл хажууд ургасан гоёмсог цэв цэнхэр үхрийн нүд хэдийг таслан авч бурзайсан бөөрөнхий толгойгоор нь нялх тугалын нуруунд цохиж босгон тууж эхэд нь хэсэг хөхүүлээд сахлаг ургасан хөх ногоог хэлээрээ ороон тасдаж шуналтайяа идэж буй үхрээ морио хөтлөн явган цуглуулж аваад нэг том дөрвөлжин үхэр чулуун дээр гарч мориндоо мордож аваад аавынхаа зааснаар хөтлийн ар уруу аяар нь тууж гарлаа. Холгүй чулуу нурах чимээ гарч тэр зүг харвал уулын дээд биед хэдэн том том эвэртэй бор хуц дүүлэн давхиж уул ороон алга болов. Хараад энэ бол Дашдорж гуайн хариулдаг хэд байхдаа гэж бодов. Ингээд аавыг хүлээж удсанд айж уйлах шахаж явтал нэг морьтой хүүхэд өмнөөс давхиж гарч надыг тосч ирээд яасан гоё тэнзэн ташууртай юм бэ чи гэхэд нь ташуурыг минь булаах нь гэж айгаад аавын ...н гэж хэлж амжаагүй байтал би чамд туслахаар ирлээ, чиний аав манайхаар ирээд гэрээ буулгахаар явсан гэсэнд сая нэг санаа амарч билээ. Тэднийх ойрхон Хөтөл Усанд зусч байгаа нь удалгүй ил гарч харагдав. Энэ том хүүхэд хэн байсан гээч одоогийн Онц бүрэн эрхэт элчин сайд, түүхийн ухааны доктор Т. Төмөрхүлэг ах. Хожим би энэ ахтайгаа шинэ жил, цагаан сар, улсын баяр наадмаар дэлхийн ондоо хоёр бөөрнөөс баярын мэнд солилцож байдаг юмдаа. Францад байхад нь хүрч очиж чадаагүй дараа нь Лаост элчин сайд байхад нь борооны улирлаас өмнө ирээрэй гэсэн урилгыг нь хүлээж аваад очихоор завдсан ч Украйнд очих ажил гэнэт гараад амжаагүй юм даг. Одоо бол өөрөө, хоёулаа тэтгэврийн өвгөн болсонд уулзах завтай. Эцэг тарган Тойтог гуайнх Ондилт, Шаварт,
Бүрд, энэ Хөтлийн хавиас салдаггүй айл. Тэгээд энэ замд харагдаж байгаа юм. Хоёул үхрээ туусаар Зодохын бригадад ирэхэд манайх гэрээ аль хэдийнээ бариад ачлагны хэдийнхээ бурантгыг аваад тавьчихсан, тугалын зэлээ татчихсан байлаа. Аав сүүн заводын гэр барилцах гээд явчихсан өөр хэд гуравхан айл ирж буусан байв. Аав орой ирээд миний хүү тэгээд замдаа юу харав гэж асуухад нь би Дашдорж гуайн хэдэн хуц уул ороогоод алга болсон хэдэн бор нь ялгараад тасарсан байна билээ гэсэнд аав тэр чинь хуц биш Аргаль Угалз гэдэг хангайн зэрлэг амьтад байхгүй юу Хайрханы ар шилээр нэлээн дээгүүр зүүн давж над харагдсан ямар нэг юмнаас үргээд баруун талдаа гарч л дээ гэхэд ээж чоно боохой байгаа юм биш байгаадаа Яадаг билээ гэв. Ингэж би анх хүүхэд бага наснаасаа Аргаль Угалзыг андууран байж таньсан юм. Маргааш нь заводын гэрийг сонирхож очиход хүмүүс газар зуух ухаж аргал мод шивээлж гал түлж бас том гүнзгий нүх ухаж усаар дүүргэж байгаа харагдсан. Хэд хоногоос өөр олон айлууд заводанд нүүж ирж үхэр мал олширч би тугал бяруу хариуцан маллах халаагүй албанд томилогдох нь тэр. Аз болоход хоёр Самдан гуайнх ойрхон бууж төөлбөл бие чацуу, тоолбол нас чацуу миний унаган багын найз манжаа Самдангийн Төмөрбаатар, буурал Самдангийн Баттогтох хоёртойгоо тэр нэгэн зуныг тун ч завгүй өнгөрөөж билээ. Голын шавраар гэр хороо барьж тоглон. Сарлаг, монголын бух мөргөлдөхийг үзэж байж үхэр туглаа нийлүүлж шийтгүүлнэ. Ойрхон бэлчээрт үнэг хярсны нүх утаж утаж юу ч гарч ирэхгүй. Хайрхан ууланд Аргаль үзсэнээ ярихаар хүмүүс юу ч л үзэгдээгүй гэхээр би худалч болно. Өөр нэг завшаантай юм нь манайхны хүргэн Чогзол ахын ээж минийхээр заводын хөгшин ээж Цэвэлчогдон хэдэн үнээтэйгээ ирж манайтай айл зуссан явдал. Тэр үеэс өөрийн хүний тавь хүрээгүй хүмүүсийг яагаачгүй идэрхэн байхад нь өвгөн болгож хөгшин ээж, ааваар дуудуулсан гэмтэн бол би өөрөө мөнөөс мөн юм шүү. Яагаад гэхээр ач, зээ нарынх нь хамгийн том нь болохоор хоёр үеийн ээж, аавуудыг над ялгаж дуудаж таниулах болсонд л учир нь байгаа юм. Яг энэ заводын үед дүү Цэвэлмаа, үеэл дүү Цанцалдиймаа хоёр хэлд ч ороогүй юмнууд байсан. Тэдэнд бол харин би ялгаж хэлж өгсөн байх. Үнээний саалийн хооронд өдөр завтай байх тул сайхан ааш зантай заводын хөгшин ээждээ эрхэлж үлгэр ярьж өг гэж хоргооно. Тэр огтхон ч цаараглахгүй олон гоё үлгэр хэлж өгнө. Нөгөө муу хоёр найзаа дуудаж энэ хөгшнийхөө мод толгойг шүүрч нэг нэг соруулж үзүүлээд тугалдаа явцгаана. Нэг өдөр Баттогтох тугал хариулж яваад нүхнээсээ төөрсөн хярсны гавар хөөж барьж ирээд их сонин юм болвоо. Үнэхээр өхөөрдөж өрөвдмөөр хөөрхөн шөвийсөн хушуутай, соотойсон хоёр чихтэй, барихад гарын алганд түнхэлзэж айж амьсгаадсан торгон зөөлөн үстэй, ганган сүүлтэй ийм болохоор ойр хавийн хүүхдүүд үзэх гэж бид гурвыг тойрон овоорч байтал айлын том хүмүүс юу болоод байгааг мэдэж хээрийн зэрлэг амьтныг тавь яаж байгаа чинь энэ вэ гэж загнуулаад тэгсэн хэрнээ тавихгүй тэжээж арчлах юм болж ойрхон хонь гаргасан айлаас гэдэс дотор мах уушиг, бөөр олж айлаас зайдуу манай арган дотор хийж дээрээс нь том чулуу тавьж орхисонд ноход үнэрээр нь мэдэж ойртож очин харж хуцаад дахин асуудал дэгдээж байлгах газаргүй болоод холоо аваачаад тавьж орхисонд харж байсан ноход түүнийг хойноос нь хар хурдаараа элдэж очоод хөөрхийг барьж орхисон юм. Ингээд бид гурвын хэрэг улам хүндрэх нь тэрээ. Дараа нь гурвуулаа зөвлөж эхэлж барьж хазсан нохой нь Баттогтохынх байсан болохоор зодож цохиж шийтгэж болохгүй тул хоол угаадсыг нь хэд хоног хорихоор шийдвэрлэж үүнийгээ
гэрийн халуун бүл хамтлагийн гишүүнд хариуцуулж бусад хэдэн нохой тус бүрт ар нуруунд нь арваас доошгүй саваадах шийтгэлийг Төмөрбаатар бид хоёр гардан хийхээр тогтов.
Миний нутгийн өвгөд
Гүр өвгөн
Миний мэдэхийн энэ өвгөн ихээ содон янзын ямаан сахалтай, бэсрэгхэн биетэй алиа хошин яриатай хүн байв. Охин Цэрэндолгор нь миний ээжийн дотно найз бөгөөд аавын ажил албаны анд Найдан гуайн гэргий. Хүү Хуяг нь надаас олон ах миний аваг Цоодол ахтай үеийн болохоор тэд жил бүр цэрэг татлагаар зарлан дуудах аваад хамт мордоцгооно. Өвгөн хөгшнөө өөд болсноос хойш өөрөө тогоо нэрж гүүгээ саана. Их төлөв үдээс хойш бүрхээр тогоо нийлүүлэх дуртай тул заримдаа бороотой байх үе таарна. Цахилгаантай бороо орж тэнгэр дуугарахаар өвгөн аянга зайлуулж “Хээг” гэж умгар бор гэрээсээ тэнхлүүн чангаар хашгирах нь хот айлынх нь хүмүүст тодоо дуулдана. Догшин тэнгэрийн аашийг аргадаж аянга цахилгааныг айл хотоосоо холдуулж аврал эрж байгаа арга нь тэр. Аадар ширүүн бороотойд айлууд яндангаа сугалж өрхөө хушуулдаж бүтээсэн байхад Гүр гуай өрхөө багаа болгож хушуулдаад янданг нь даган урсаж шар хийн шажигнах бороог тоосон янзгүй тогоогоо нэрж модон бүрхээрийн цоргоор уур савсуулан гоожих нэрмэлээсээ хүрэн үндсэн тагшиндаа тосч аваад хүртэж нэг сайхан болоод хэдэн муу ямаан сахлаа шувтарч сууна. Би борооноор гэрээс гарч гүйж нэг сайн шалба норж аваад өвгөнийд бүлээцэхээр ороход “Энэ усан борооноор юугаан хийж шал нойтон болтлоо норж яваа тархи вэ? тийшээ тэр ямааны адсага дээр суу” гэж зандрана. Тэгээд өнөөдөр хонинд хэн явсан, аав чинь аймаг, сум явсан уу гэж шалгаана. Тэгээд бор авдраасаа нэг, хоёр домбон ёотон гаргаж тавагтай идээн дээрээ тавиад май энэнээс чадахыгаа ид гэнэ. Бороо арилхаар гүүндээ гарч Хуягийн эзгүйд над мэтийн хэдэн жулдрайнуудыг дуудаж гүү татуулна. Энэ өвгөний нэрийг алдаршуулан дуудуулж яваа нэг зүйл гэвэл Гүрийн Зэгэл гэх эдний унаган шандаст хурдан хүлэг аймгийн наадамд айраг аман хүзүү алдахгүй. Жил бүрийн наадамд миний унаган багийн найз ах дүү Даваа, Гантөмөр хоёр ээлжлэн унаж уралдан урагшгүй хоёр юм морь түрүүлүүлчихэж чадахгүй гэж Хуяг ахаасаа донго авна. Харж ханашгүй сайхан аргамаг хүлэг, Хуягаас өөр хүнд байсансан бол аймаг, сумын байтугай улсын наадамд олон түрүүтэй адуу, авахаас яахав үзэж шохоорхож үнэ хаясан нэгэнд зарж арилжчихгүй Хуяг нэг юм хөл, гольхийг нь авчихгүй шиг хөлс баасыг хусч цэвэрлээд уясан болоод явуулах юм гэж нутгийн зарим нь ярих. Гүр өвгөн Хуяг хоёрын морь уяж сойх ч нэг их гавихгүй л дээ. Хүргэн Найдан нь зарим сонгуультай жил сум бригадад сонгуулийн өдөр морь уралдуулах намын даалгавартай, морьдоо бариарай гэж шаардаж шахаж байж манай хэд арай эрт хурдан морьдоо сойж эхэлж байх жишээтэй. Гүрийн Зэгэл үсэргээнд Уяач Түдэвваанчиг гуайн хөх шаазгай морьдтой хол тасарч давхина. Зэгэл морь Арвайн талын цээжинд наадмын морьдын их сунгаанд тасарч байгааг харахад зэрэглээт талын хээлэнд зээр цахилж явах шиг л харагдадагсан. Олигтойхон уях юм бол олон түрүүтэй адгуусдаа гэж овоон дээр цугласан залуус олон бодын үнэ хаяна. Үзсэн эр хүний амнаас “аргагүй сайхан ажнай юмаа” гэх л үг гарна. Хожим айл саахалтын бараатай олон жил дассан Одхүү найзаа
гуйхаар нь Хуяг өөрийнхөө уяачийнхаа хэмжээг мэдээд түүнд зарсан юм билээ. Ингээд энэ Гүрийн Зэгэлийг Одын цавьдар гэж дуудах болсон. Гүр өвгөн зүсийг нь зэгэл гэдэг байсан Одхүү харин миний цавьдар морь гэснээр уг морины зүс эздийн зарлигаар өөрчлөгдөх болсон байна даа. Үнэндээ зүс нь тийм нэг зэгэл цавьдар юм л даа. Манай тэр хавийнхан Түдэвваанчиг манайхны түүнийг хэлдгээр баян Ваанчиг гуайгаас бусад нь хурдан морины ажилд тийм сайнгүй ардууд л даа. Манай Цоодол ахын хурдан хээр үрээ бага насандаа аймгийн наадамд айргийн гуравт ирсэн. Нас гүйцсэн хойно нь хэдэн жил сойсон боловч нэг ч айрагдаагүй харин арвын дотор барьдаг байсан. Дандаа оройтуулж бариад махыг нь барж чадалгүй наадам хүргэдэг байсан. Эхлээд барихад эмээл холбичих гээд байдаг байлаа. Цэдэндагинын Төмөр-Очир дараа нь Тоомойн Чулуунхүү унаж уралдана. Ховил татсан тарган улаан хээр морь тас хийм өвлийн жаварт нуруундаа буурал цан татуулан цас манруулан адуун дундаа давхиж явахыг нь харахад үлгэрийн баатрын хүлэг унааг өөрийн эрхгүй санагдуулж байдагсан. Үнэнхүү сайхан ажнай хүлгийн нуруунд тэнүүн тал нутгийнхаа сэрүүн салхинд дарцагланхан дэрвэж хүүхэд бага насаа үддэг их хувьтай хүн зон олон юмдаа бид чинь. Би бээр нэлээд олон жилийн хойно сургууль номынхоо ажлын чөлөөнд Гүр гуайд золгож очиход хуучин манай сумын суурь Туяа бригадын төвийн дэргэд ганц гэрээр гаднаа нэлээд их мебель шүүгээ сав хураагаад тавьчихсан хэрнээ өвгөн гэр дотроо болохоор яг л хуучнаараа байж байв. Олон жил уулзаж учралгүй удсан болохоор эрх биш би эр хүн болж өсөж энэ өвгөн өвч биеэрээ дэлхийн төв рүү бөхийж өтөлсөн ч ухаан сийрэг бие чийрэг янзаараа ямаан сахлаа илсээр өвгөн ирсэн явсныг би үзсэн дуулснаа ярьж удаан саатлаа. Энэ хугацаанд өвгөн гэртээ нэг ч тавилга юм нэмж тавиагүйг бодоход тэрээр өөрийн эдлэх эрх ямбанд аль дээрээс одоо над болноо гээд хэмжээ зэрэг барьж гэлтэй. Өвгөн хуучны халтар манан хөөргөө гарынхаа алганд эргүүлэн илж аажуухан ярьлаа. Чамайг сургууль соёлд хол явснаас хойш энэ урд Уулын Нуруунд Орос цэргийн анги ирж бууж байшин барилга барьж машин техник татаж төвхнөж хэдэн жил болоод өнгөрсөн хавар нэг өдөр л гэнэт нүүгээд явцгаалаа. Анх нүүж ирмэгцээ урд нурууны оройн толгой дээр өндөр антен босгоод их л ажилтай байсан. Холбоо чимээний талын юм болов уу даа. Өдөр болгон хэдэн орос цэргийн машин манай хаяагаар тоос манан хадуулаад хойш урагшаа давхиад байх болов. Зарим нь их хээгүй манайд бууж идээ будаа амсаад тогоо авсан хойно таарвал шимийн юм тогтоочихоод бас зүгээр гарахгүй над янжуур тамхи, загасны консерв, талх масло өгөөд давхиад явчихна. Би ямар хэлийг нь мэдэх биш Да, Нят- аас цааш юм байхгүй дохио зангаагаар там тум юм болох. Хэл мэдэх хүнтэй таараад ярьсныг нь дуулахнаа Гүрийн ундаа зальтай нойрны эм шиг нам унтуулдаг гэсэн гэнэ билээ золигнууд. Ядарсан над тустай энэ хавийн хүн амьтанд гэм халгүй улс байсан шүү. Тэр нэг хавар энэ муу саравчны дээврийн хар цаас салхинд хуучлаа. Викторыг энүүгээр явахаар нь зогсоогоод түүнд үзүүлсэнд маргааш нь бүтэн шаврын самсвал хуулиатай хар цаас гадаа буулгаад хаячихав. Хүн дуудаж засч янзлуулж амжаагүй байтал нэг орой хониноос ирэхнээ нөгөө муу өцөнгийн дээврийн шургаагийг буулгаж хаячихаад дөрвөн санжийн шинэ гол банзаар дээвэрлэж гурван давхар хар цаас тавьж барилгын дранк модоор даруулж хадчихаад яваад өгсөн байсан шүү. Ингээд би хэдэн жилдээ цас шуурганд ажирхааргүй боллоо. Чиний үеийн Даваа, Батмөнх, Бэдрүүш, Даваадорж, Тогоонтөмөр гэсэн хэдэн юм энэ хавийн хэдэн гайгүй
өвөлжөө бууцаа тойрч буусан юмнууд л байх юм. Давааг ойрхон нэг ирээд энэ гадаах юмыг хурааж эмхэлж энд байгаа том бүтээлэг ногоон бержехээр бүтээгээд өгөөч гэж хэл өгүүлсэн чинь завгүй Төмөр-Очир, Тоомойн Чулуунхүү хоёрын нэгтэй аймагт семинарт явлаа гэсэн. Семинар заавар их л авах улс юм хот хороогоо олигтой тордож тохижуулж байгаа нь над сайн харагдахгүй л юм харин ходоод гэдсээ аюулын болгоод явцгаадаг болтой юмаа. За тэгээд 20 литрийн хоосон ханистар гадаа авчраад хаячихна. Нөгөө бензиний машинтай Саша -д өгөөд өнөөхийг нь дүүргүүлчихээр мотоцикльтой нэг нь ирж хоосолчихоод гаднаас нэрээ ч хэлэлгүй ах өвгөн дараа ирэхэд дүүргэчихсэн байгаарай гэж хашгирчихаад давхиад алга болно. Энэ хавийн хэдэн мотоцикльтой юм бензинээр нэг буйлж байлаа. Энэ гадаа байгаа тавилга савыг буцахдаа над бэлэг болгож өгч байгаа юм гээд хашаа хороо шиг юм гэр тойруулчихаад явцгаасан. Бороонд норж, шороонд даруулчихаас нь өмнө ирж авцгаа гэж аймаг сумын орон сууринд суугаа ах дүүдээ хэл гэж байж ирж авч дуусч байгаа юм. Одоо ч эвдэрч муудсан нь үлдээд байна. Чамд хэрэгтэй бол бүгдыг нь унаа тэрэг олж ачаад аваад яваарай. За тэгээд ах өвгөн чинь Орос цэрэг компани нөхөд ихээ дотно найз нартай айраг сархадаа хувааж уугаад хэдэн жил боллоо. Зарим нь хугацаа нь дуусаад халагдаад явахаараа манай хаяагаар чагнаалаа дуугаргаад гараа даллаад яваад өнгөрдгийм. Би үүнийх нь учрыг мэдээд хойноос нь сүүгээ өргөж зогсдог юм даа. Энэ хэдийг минь буцсанаас хойш манайхаар бууж морддог нь цөөрөөд л явчихлаа. Бас тэгээд илүү харсан зарим нь хөгшин намайг зүгээр байлгахгүй аймаг суманд хушуу хүргэж, цагдаа сэргийлэхээс хүн явуулж гадаах хар цаас, банз мод, мебель тавилга юмсыг хаанаас олж авсан, аймгаас барилгын хар цаас алдагдсан тул үзэж шалгаж бүртгэж битүүмжлэнэ гэхчлэн энэ тэр хууль, журам ярьж сүрдүүлэх янзтай байцааж гарав. Би ч яахав үнэнийг өчив. Үзэж үзэж зургийг нь дарж аваад үг ч үгүй дуу ч үгүй юм яваад өгөв. Дараа нь хаанахынх ч юм галын байцаагч гэлүү нэг юм ирж гаднаа галд шатамхай хар цаас, банз мод, бензин тос ил задгай хадгалж байна. Галын аюулгүйн дүрэм зөрчиж байгаа тул торгоно гэж байнаа. Би дургүй хүрээд энэ малчин түмний малын хашаа саравч бас галд шатамхай эд биз тэрнийг одоо яаж далд битүү байлгах арга байх уу? Айлын гэрийн хаяанд байгаа бензинтэй моторт дугуй энэ түгжээтэй савтай бензин хоёрт нэг их ялгаа байна уу даа хүүхээн гээд асууж орхисонд нэг ташуу улаан шугамтай цаас гаргаж ирээд миний нэр усыг асууж байнаа. Яах аргагүй галын албаны болтой тэр золиг. Нэг зуун мянгаар торгоно гэнэ. Тэгэхээр нь ахад нь торгуульд тоолоод өгчих төгрөг мөнгө байхгүй дээ. Яахав гадаа байгаа хэдээс энэ зах зээлийнхээ үнэ ханшаар тооцоод тааруулаад туугаад явдаа гэлээ. Ямар ч байсан танд 100 мян төг торгууль бичлээ энэ шугам доор та гарын үсгээ зур гээд нөгөө цаасаа өглөө. Би тэнд нь хуучин монголоор төлөхгүй болов гээд татчихлаа. Тэр золиг надыг айгаад гарын үсгээ зурчихлаа гэж бодсон болтой нөгөө улаан шугамтайгаа над тасдаж өгөөд өөртөө хортой хувийг нь үлдээгээд торгууль төлөх хугацааг наад бичгэн дээр заасан байгаа шүү гээд яваад өгөв. Тэр хугацаа юм нь аль хэдийнээ дууссан байхаа дахиж үзэгдсэнгүй дэг гээд санаа нь амарсан янзтай ямаан сахлаа илэн хэсэг бодол болсноо үгүй энэ шар Оросууд чинь тэгээд хүний мөсөөр сайн улс даг шүү. Манай энэ муу өцөн саравч, өөвгөр бор гэр өвөлжөө бууцны зургийг надтай хамт ээлжилж ирж зогсож байгаад аваад явсан очоод ээж аавдаа сонин болгож үзүүлэх юм байхдаа золигнууд нялх бага хүүхэд шуухад айлгачихгүй бол ч яахав дээ.
За би нэг иймэрхүү сонинтой одоо чи над холын сонинг дуулгах уу? гэсэнд: Эрдмийн мөр хөөж Москвад ном судрын хуудас эргүүлж суутал бүтэн цэргийн алба хаах хугацаа өнгөрч бангаараа гавжийн дамжаа барьсны хэртэй юмтай боллоо. Орос оронд толгой дээрээ тод улаан мэнгэтэй Горбачев гэж нэг Богд гарч ирээд өнөө их СССР гүрнийг чинь үүх түүхийг нь дурдаж үндэс угсаагаар нь ялгаад өөрсдөө мэд гэж өрх тусгаарлаж гаргаж байна. Энэ тухай баахан шуугиж үймэж байтал Ельцен гэж нэг баатар орос удирдагчаар тодорч гараад эв хамтын нийгэм журмыг үлгэр гээд эд баялаг эдийн засаг, зах зээлийг чухал гэсээр улаан зээрд амьтан дэг муутайхан байна даа. Манайхны дүрсгүй хэдэн багачууд дүйвээнээр нь огцор огцор гэж хашхичаад Сүхийн талбайд цуглаж сүүлдээ зарим нь өлсөөд сүйдтэй юм болж мэдэхээр байна. Төр засаг солигдож мэдэхээр байна шүү. Ц.Төмөр-Очир депутатаа Ардын Их Хурлын Чуулганаа дуусгаад ирэхээр асууж мэдэж аваарай даа гээд би яриагаа товчлов. Өвгөн өгүүлрүүн: АИХ-ын депутатаар манай энэ хавиас чинь урьд нь багийн дарга Хасын Аюур, саальчин Дүйчирийн Тогоохүү, тэр хэн хм… Дэвгэний Цоодолын бэр Дуламсүрэн, чиний аавын бага дүү жолооч Гонжингийн Пүрэвдорж нар одооных нь энэ Цэдэндагинын Төмөр-Очир байна даа. Энэ тарган Тойтгийн Төмөрхүлэг та нар шиг залуус орон нутагтаа ирж ажилладаг байсан бол олон л депутаттай байхаар даа гэхэд нь би “Өө би бол нэмэргүй Найдангийн Даваа бид хоёр найз сундлаад хэдэн айлаар орохоор энэ хоёр өвчдийг хэн сонгодгийм гээд нөгөө өрсөлдөгчид нь саналаа өгчихнө шүү дээ манай голынхон” гэсэнд өвгөн маг маг хөхөрч ваа золигнууд гэж сууснаа түүний царай төв болж шүрэн толгойтой манан хөөргөө авч хамрын тамхиа нэг угзраад чиний үе тэнгийн цэврүү шиг хэдэн хөвгүүд эр цэргийн тангараг өргөж амжилгүй мал махны үеэр машин тэрэгтэйгээ онхолдоод энэ голынхны голыг харлууллаа шүү дээ. Уй гашууг нь хуваалцах гэсэн шиг ус хужир ховордоод, ургамал ногоо хагдраад байх шиг санагдах юм. Та нарыг ингээд нутаг усаа гээд ирэхэд чинь овооны хадаг шиг гандаж хөхөрсөн өвгөн би зүсээр чинь адуу мал шигээ танихгүй ч дууг чинь сонсоод тэр байна гэж ялгах болж хаврын хавсарганд нүдүүлсээр байгаад хараа түрүүлж мууддаг юмдагаа. Эцэгтэй чинь хамт жин тээж явах тэр цагт бид та нарын насан дээр тэнхлүүн сайхан байж. Зузаан Ориг, Шар Цоодол, Цагаанбадьд, Дангины Сүх, Жовдоогийн Цоодол, Гонжингийн Сүх, халзан Найдан, Цэдэнжамцаа, Цэдэнсамба, Дамдин, Дашдондог, Ёндон, Шарав Мишигдорж, танай эцэг бид нар чинь ойролцоо насны үе тэнгийнхэн. Дайнд баатар гавьяа байгуулсан нь Дашдондог байсан. Ж.Цоодол, Г.Найдан, Г.Сүх нар Халхын Голын дайнаас цусан гавьяаны одонтой ирсэн. Чиний ээжийн төрөл Шарав манай улсын бол уурхайчин Даваажавын дараах хоёрдогч Хөдөлмөрийн баатар болсон. Та нарын дотроос хэн хэн нь нутаг усныхаа нэрийг орон даяар цуурайтуулах бол гээд ах өвгөн нь радиогоо чангалж суух боллоо. Болтугай! гээд Гүр гуай яриагаа өндөрлөв.
Дангины Сүх
Дангин өвгөний хоёр хүүгийн ахыг нь Сүх дүүг нь Ринчиндорж гэнэ. Нэг нь богино нөгөө нь урт нэртэй. Сүх гуайн гэргий Сайнхүү, Ринчиндорж гуайн гэргий Өлзийтогтох. Сүх гуайнх нэлээд аглаг зайдуу газар голдуу ганц гэр айл байх. Энэ өвгөн зундаа дотуур цамц майк алиныг нь ч хэрэглэхгүй зандан хүрэн цээжтэй үлгэрийн баатар шиг сүртэй амьтан давхиж явах. Мал мах ноосны цагаар л бригад сумын төв орж ирэхээс
бусад цагт суурин газраар ирж харагдах нь үгүй. Түүнийг харсан бүхэн Сүх гуай ирсэн байна гэж сонин болгож ярьцгаана. Уулзсан хүн түүний амрыг эрж нутаг ус хаагуур, айл саахалт юутайг нь асуухад: Бүрдний адагт ганц гэр гэнэ. Айл саахалт ирж буугаагүй л байна уу? гэвэл: За даа муу ах чинь хажиг зожиг зантай өөр айл амьтантай байтугай өөртэйгөө муухан таардаг болсон хүн. Цаад муу Сайнхүү эгч авгайд чинь Хадат Ондилтын харз уснаас өөр рашаан таарахаа больж байна даа гэх. Хоршооны нярав Лүндэгийн Цоодол ноос чинь чийг ихтэй байна тампуу шуудайнаас нь гаргаж хатаа гэхэд зунгагтай ноос зуны халуунд ийм байлгүй яахав зүгээр хүүхээн гээд морин хилэн дээр нь түүдэг шиг шидэж орхино. Ноосоо тушаачихаад аахилсаар хаалгаар нь багтаж цөхөөд дэлгүүрт орж ирээд зог тусч зогсоод авгайнхаа захисан юмыг за байз гэж бодож бодож олохоо болихоор эргэнэг тавиур хавиар эргэлдэж байдаг галын хүний гарын доор хэрэгтэй өөр юу байдаг билээ гэж ээжээс шалгаана. Миний ижий тэр үед Туяа бригадын дэлгүүрийн худалдагч байсан болохоор би түүнийг ихэд сонирхон анхаарч харж билээ. Сүх гуай тэгснээ явж дэлгүүрийн буланд хураалттай гурил дээр дотуур дотуур нь оруулж тавьсан 13-ын хөнгөн цагаан түмпэнгээс нэгийг нь сугалж эргүүлж тойруулж үзсэнээ дээр нь паг хийтэл чулуудчихаад нөгөө захисан зүйлийг нь санав бололтой сүү хөөрүүлчихээр зузаан ширмэн тогоо үзэгдэхээ байгаа шив дээ танай энэ гадаах модон гэр агуулахын чинь хаяанд харагдаж үзэгдэхгүй байж байгаад гараад ирвэл ганц хоёрыг байлгаж үзээрэй, энэ цагаан тогооны ёроолд түлэгдсэн хусмыг нохой хүртэл тоож идэхгүй болж гэсээр хажуудах шанаг халбага сэлтээс бахим нэгийг сонгож барьсаар ирж хүүхдэд өгчихөөр чихэр, пираанаг нэг хоёр кг тавиатах гээд өврөөсөө хоёр даавуун уут гаргаж нэгэнд нь хийчихээд за одоо миний хэрэглэдэг юмнаас хоёрыг морь үргээчхээргүй жийрэглэж боогоод аваад ир гэсэнд ээж тэр юм чинь байхгүй дуусчихсан, ноос махны цагаар зарахыг сум нэгдлийн дарга хорьсон шүү гэхэд: Хэн нь чамд тэгж хэлэв? Дамдинпүрэв зэргийн хүүгээр идээ цагаагаа хэдийд идэж уухыг арай ч заалгах дээрээ тулаагүй байгаа шүү муу ах чинь хэлээд нэмэргүй булаагаад аваад гарсан гэж хэлээрэй, ер нь ганц нэг шилээр нь гаргаж зарж болохгүй байгаа бол би жилд ямар олон ирэх биш падаанаар нь бүгдийг нь нэг удаа аваад явахнаа ч яадгийм гэж хуурай агсам тавих. Ээж Сүх гуайг аргадаж таныг Жөнжгөө аймгийн “Хөдөлмөрийн төлөө” сонинд Ус бэлчээрийн сайхныг даган нүүж малдаа сайн тараг тэвээрэг авахуулдаг тэргүүний малчин гэж магтаж бичсэн байна гээд сонинг нь өгч харьж авгайдаа үзүүл гэхэд бууцаа тойрч буугаад, будаатай цайгаа хувааж уухаас цаашгүй бид хоёрыг хэн хүнгүй мэдэх юмыг худлаа дэвэргэж хэлдэг сүнсээн түймэрдсэн тархи гээд Сүх өвгөн түүнийг үзэхгүй тэгээд алив тамхи ороочихно гээд эвхээстэй чигээр нь авч түрүүлж орхино. Тэр цагаас хойш олон жил улирч би Их Сургууль төгсч инженерийн мэргэжил эзэмшээд бас хол нутгаас ханьтай болчихоод өсөж төрсөн нутгийн өтөл бууралдаа золгохоор Сүх гуайнхыг сурагласаар олж очиход тэднийх Ондилт, Шавартынхаа цаахна Бүрдний голын адагт миний сумын бага сургуулийн анд Лонжидын Даваацэрэнгийнхтэй айл зусч байлаа. Хүүхэд багаас хойш уулзаагүй удсан болохоор өвгөн надыг сургаар таньж бага насны минь ахуй цагийг огт мартаагүй дурсаж суулаа. Хөгшнөөсөө хойш амины хэдэн малтайгаа айл амьтан бараадан амьдардаг болж цагийн эрхээр өөрчлөгджээ. Зургийг чинь даръя гэхэд сүүдэр зураг авч сүнс төөрүүлэх нь үү гэх болов уу гэтэл үгүй өвгөн миний үгэнд орж дөрвөн ханатай цомхон бор гэрийнхээ хаяанд
халтар нохойгоо дэргэдээ дуудаж суулгаад даруулсан зураг нь үдээс хойшийн нарны гэрэлд тодоос тод гарсан зургийг өнгөтөөр буулгаж дараа нь түүнд илгээж билээ. Залуу сайхан цагтаа хоёр нарны хооронд малын бүхий л ажлаа амжуулах гэж дандаа яарч явдаг түүний түрэмгий түргэн зан өтөл насны аясыг даган уужирч өөрчлөгдсөн ч нүднийх нь цог хэвээрээ ажээ. Хожмын нэг өдөр энэ өвгөнийг тэнгэрийн орноо одоход уул усны минь савдаг ганцаардах байхдаа гэж над бодогдож билээ.
Баян Ваанчиг
Түвэвваанчиг гуайг манай нутгийнхан баян ваанчиг гэж дуудна. Эднийхийг их баян айл юм болов уу гэтэл тийм ч олон мал хуйтай биш тэгвэл дотуур хураасан алт мөнгө ихтэй юм болов уу гэхээр эхнэр Дондмаа нь алтан ээмэг бөгж зүүсэн нь үгүй, гэрийн эзэн өөрөө эгэл жирийн хээ шаагүй эр хүн сөөм хүрэхгүй ногоон чулуун соруултай нэлээд элэгдсэн байрын хээ хуаргүй толгойтой богинохон гаанс зууж харагдана. Эднийх Төмөртогтох гэж миний үе тэнгийн моринд гарамгай сэргэлэн ганц хүүтэй, нэгдэл хөдөлмөрийн чадвартай хүн бүрт 120 бог мал норм болгон хариуцуулж маллуулдаг болохоор амины хэдтэйгээ нийлээд 300 илүүтэйхэн хонь ямаа, саалийн хэдэн үнээ, бусад сувай эр үхэртэйн дээр хэдэн сайн морьдтой цөөн адуутай энэ Тарагт сумын Хөдөлмөр нэгдлийн хоньчин малчин өрх айл. Ихэвчлэн ганц гэрээр байх бөгөөд зундаа өөд нүүж Хилэнгийн Хадат, Адаг Түрүү, Хар Адуунд гарч ирэхдээ манайхантай зарим жил саахалт байж хургаа зөрүүлцгээнэ. Ганц хүүгээ хонь дагуулж харшаахгүй гээд гэрийн эзэн өдөр өнжихгүй нэгдлийн хонь дагана. Гэхдээ тэр болгон дэргэд нь хоньчлон дагаж хариулах нь ховор, хонидоо холын бэлчээрт нүдэнд ил харагдах газар гаргачихаад ойр хавийн айл саахалтаар бууж мордож алсаас дурангаар голдуу хариулна. Манайхнаар хааяа ирэхдээ чанга чанга дуугаран инээд наргиа дэлгээд явна. Нийгмийн энэ их хөрөнгийг алдаж асгачихвий гээд унтаж амарч чадахгүй юм. Манай хэдэн шар хорхой ашгүй тэр уулын ар дагаад гараад ирлээ. Өнөөдөр муу ах нь ямар ч гэсэн яланд унахгүй болов болтой гэсээр дурангаа өвөртөө хийж байх. Тэр нэлээд махлаг лахс биетэй, нар салхинд гандаж цагийн саалтанд уяарсан хүрэл бор царайтай, дунд хэрийн нуруутай, үеийнхнээ өдөж хоргоож байгаад барилдаж ноцолдож биеийн чилээ гаргах дасгал хөдөлгөөнөө таслахгүй хийж явна. За Гонжин өвгөний хүүдүүд гол ус эзэгнээд, нуур шиг хонио нутгийн талаар бэлчээгээд, адуу үхрээ арвайн тал руу туучихаад голийж мялайгаад гойд өнгөтэй байхчинэв. Аюур арслангийн баруун шуунаас хүрч барих бяр тэнхээ над байх биш харин энэ муу Цоодол хэрийн баньдитай бол нэг үзвэл үзчихнэ шүү гэж өдөхөд нь баян Ваанчиг чахав үүл шиг цэнхэр борынхоо нэгийг тавиад үзвэл үзэлдээ гэхэд жороо хүрнээ тавиад босоод ир л дээ гээд барилдаж л байх. Энэ нь түүнд хонь дагаж хөшсөн биеийнхээ чилээг гаргах биеийн тамир байсан шиг билээ. Эднийх аймаг, сумын наадамд айраг түрүү алддаггүй хөх шаазгай зүсний хурдан хүлэг морьдтой айл. Нэгдлийн олон зуун адуунд байхгүй олон сайн хурдан морьдоороо нутаг усандаа гайхуулах баян хүн. Хурдан хүлгийн хусуур сойзны эзэн жинхэнэ хүлгэч хүн л дээ. Дондмаа гуай энэ хоёр жил бүрийн аймгийн наадамд хөх шаазгай морьдоо хөтлөж, хүү Төмөртогтохоо дагуулаад наадмын урд өдөр өглөө эрт мордохыг нь ойр хавийн айл саахалтынхан дурандаж байж дараа нь хөдөлцгөөнө. Адилхан морь сойцгоосон байж бусад айлууд эдний дараа хөдөлдгийн учрыг би авга ах нараасаа сонирхож асуухад тэд
нэг адил “Хүлэгчээ хүндлэх манай нутгийн ёсон” юм шүү хойшид дагаж яваарай гэж билээ. Төмөртогтох их бага хөх шаазгай морьдоо унаж аймгийн наадмын айраг түрүүг мөн ч олон авсан даа. Тэгэхэд миний сартай хүрэн ганц удаа л айргийн дөрөвт давхиж билээ. Миний өндөр Гонжин өвөөгийн уургын бор гүүний унага болгон хурдан байсан шүү. Миний хүрэнгийн айрагдсан алтан үсгийн үнэмлэх дээр “Үсрэн дүүлэх жигүүртэн цол олгов” гэж бичсэн нь над тун сонин санагдаж байж билээ. Хурдан хээрийн үнэмлэх өвөөгийн бурхны хайрцагт байдаг санагдана. Тээр нэг жилийн аймгийн наадамд Түдэвваанчиг гуай миний авга Цоодол ах хоёрын гал аймгийн төвөөс баруухантай Зүлгэн Худагийн аманд бууж Даваа, Төмөртогтох бид хэд морьдоо манаж хонох болж майхан хөсөг татсан галаас зайдуу хойт энгэр жалганд морьдоо сул тавьж хоолыг нь тааруулаад шөнийн 2-3-аас хэтрүүлэхгүй барьж уях даалгавартай манаандаа гарцгааваа. Тэр шөнө цахилгаантай ширүүн бороо орж морьд норсон болохоор заримыг нь нэмнэж байтал ах нар давхиж ирээд энэ бороо мөддөө тогтох янзгүй зүсэрч байна энүүхэн баруунтай айлын өвөлжөө байгаа тэр саравчинд морьдоо оруулаад бороо тогтохоор хэд хазуулаад ав гэснээр бид хэд өвөлжөө бараадлаа. Түдэвваанчиг гуайн бага хөх шаазгай соёолон саравч руу лав орж өгөхгүй болохоор нь Төмөртогтох зайдуу шонгоос уяад нэмнээ тохож орхитол үргэж зулраад шонгоо аваад алга болох нь тэр. Өглөө эрт Түдэвваанчиг гуай хөх шаазгайн эрэлд гарч адуундаа давхиад очсон байсныг олоод 30 гаруй км газраас хөтөлж ирээд соёолон мордох цаг болсон тул хөлс татсан хөх шаазгай үрээндээ хөнгөн эмээл тохож Төмөртогтохыг өргөж мордуулахад Дондмаа гуай мориноосоо бууж очиж хүүгээ бөхийлгөж арай гэж үнсээд гаргаж байж билээ. Тэр наадамд хөх шаазгай тасархай түрүүлж ирэхэд урд шөнийн болсон явдлын учрыг мэдэх хүмүүс гайхан шагшиж наадмын тэргүүн сонин болгож унаган шандаст үрээ морь, уяа сойлгыг тааруулсан хүлэгч хоёрын тухай улсын наадмыг тоож очдоггүй уул усны өвгөддөө дуулгах их сонинтой наадмаас буцаж билээ. Энэ хэдэн юм шон чиргүүлж алдаагүй бол хөх шаазгай үрээ мөн ч хол тасарч ирэх байж шүү гэж уяач ах нараасаа донго хүртэж явахдаа Даваа бид хоёулаа түрүү магнай хүлгийнхээ хөлсийг духандаа түрхчихээд дараагийн насны моринд ямааны шүүстэй мордож билээ. Тэгээд наадам тарсан оройхон Цоодол ах гэрийн зүг яарч хэдэн морьдоо хоёул хөтлөөд аймгийн төвөөс гараад шогшуулж явахад ах дүүгийнхээ айлуудын тоогоор цагаан идээ дүүргэж ирсэн хэдэн бетон сав доторхи еэвэн чихэр морьдын ширүүхэн явдалд шигширч хааяа бөөр бөөрөөрөө нийлж дан дон дуугараад газар олигтой хороогүй байтал удалгүй төгрөг саран Арвайн цэлгэр талыг гийгүүлэн гарч сэрүүн салхины сэвсээнд хацар нүүрээ илбүүлсээр гэрийн зүг давирахад ирэх жилийн наадам холгүй ч юм шиг санагдаж билээ.
Бээжин Цоодол
Манай нутагт Цоодолууд олон, тоолоод үзвэл нэгдлийн нэг айлын хотны хар халзан ижлүүдээс ч бараг илүү гарах байх. Тийм болохоор тэднийг хооронд нь ялгахын тулд овог нэр хочоор нь тодруулж хэлж ярина. Ямар сайндаа манай суманд ажлаар ирсэн аймгийн ч билүү хотын ч билүү нэлээд дээгүүр албаны хүн бичиг хэргийн бүсгүйгээс сумын захиргааны удирдах албаны дөрвөн хүний нэрийг дараалуулан асуухад нь тэр бүгдийг Цоодол гэж хариулжээ. Үүнийг нь сонсож суусан нөгөө эр бичиж авч суусан үзгээ гэнэт чулуудан уурсаж “Чи битгий хүнээр тоглоод бай, би чамтай албан ажил ярьж байна” гээд
босч явж хажуугийн өрөөнд орж дараах албаны дөрвөн нөхрийг дуудаад олоод ир гэсэнд цөмөөр ирж өөрсдийгөө сумын нарийн бичиг Галаагийн Цоодол, Худалдаа Бэлтгэлийн Ангийн дарга Лүндэгийн Цоодол, Ня-бо Солийн Цоодол, Сургуулийн захирал нь бас нэг Цоодол хэмээн өөрсдийгөө танилцуулсан гэдэг. Өвлийн бэлтгэлийг нь шалгахаар өөрийн сонгож буусан айл нь Дэвгэний Цоодолынх байж таарчээ. Харин миний энд өгүүлэх Цоодол гуайг Бээжин Цоодол хэмээн бусдаас нь ялгана. Миний авга ах Гонжингийн Цоодол түүнээс насаар нэлээд дүү учир тэднийхээр адуу малд явахдаа байнга бууж түүнээс юм их асууж шалгаана. Тэгээд нэг удаа өнөөдөр Бээжингийнхээр ортол над жолоочийн үнэмлэх бий, цэрэгт байхдаа авсан юм гэж авч байна тэгэхээр нь тэгээд сум нэгдэлдээ жолооч хийхгүй юугаа хийж хэдэн хонь ямаатай хөөцөлдөж өвөлжөө хаваржааны өтөг бууцанд холилдож суудгийм, сумын төвд суурин суучихаад сум аймгийн хооронд машин жолоодоод давхиж явахгүй унаа машингүй ядаж байхад цаад Бонх гэж нэг юм чинь архи ууж согтуу давхиж айл амьтны гадаа хөмөрсөн ширмэн тогоо хага дайрч, үхэр малын зэл хамчихгээд байхад гэвэл:” Уваа золиг тэгж байна уу? Хүний дуртай ажлыг булааж авах эр улсад муу уршиг тарих алсын нягууртай юухэв дээ нэг нутаг усны улс гэж сууна” гэх. Манай Тарагт сумын Хөдөлмөр Нэгдэл хоёр жолоочтойн нэг нь миний аавын анд Лхажав, нөгөө нь өнөө Бонх хэмээх Цэвэлравжаа. Бонх айл амьтан хэсч халамцуу явах тул авгай хүүхнүүдэд шоолуулж дуутай болсон цуутай эр. Уул нь зүс царай бялд сайтай сайхан залуу болохоор түүнд зориулж: Модтой хөндийг доргиулсан Монхор ногоон ЗиЛ-үүдээ Монгол бүсгүйг уяруулсан Цэнхэр ногоон Бонхуудаа гэж дуулах. Түүний нүднийх нь өнгө ийм болой. Харин жолоодож яваа машин тэрэг нь бол шинэхэн монхор ногоон ЗиЛ-150, Лхажав гуайнх бол хуучин ЗИС-5 бөгөөд энэ хоёр сумандаа л ховорхонд тооцогдох техникийн мэргэжилтэн бурхан жолооч нар учир нутгийн бүх айл хотлынхон тэднийг андахгүй мэднэ. Бээжин тийм л сүрхий жолооч юм бол гэрийн мухар сахиж суухаар худгийн моторчин ч гэлээ хийхгүй яасан амьтан байдгийм одоогийн энэ алаг нүдэн бөмбөөрөйгөөс арай илүү худгаа цагт нь асаагаад сууж байх нь яасан амьтан бэ гэж манай бэр жаахан Долгор эгч үг нэмэрлэхийг чагнаж суусан би саваагүйтэн яагаад түүнийг Бээжин гэдгийг авга Цоодол ахаасаа лавлаж эцэг нь тийм нэртэй юм уу гэсэнд тэр гүдэш олон жилийн өмнө надыг бага залуу байхад энэ баруун хойт Хотонтын холбоо хоёр хөх уулын хойт өндрийн нь орой дээрээс хоёр нүдний сундаг дурангаар тэнгэрийн цэлмэгт мал сайн таньдаг хүн урд зүгт үзэгдэх төдий алсад хараалж чадах юм бол Бээжингийн зах нь харагддаг гэж хэлээд ийм цолтой болсон юм гэж билээ. Түүнээс хойш би нээрэн тийм юм болов уу гэж бодоод найз Найдангийн Даваад хэлж хоёул зуны нартай өдөр нөгөөх уулын оройгоос хоёр нүдний зөрүү хар дурангаар урд зүгт Жирэм, Хөөврийн нуруу, Хотгорын хоолойгоос цааш газар олж хараагүй юмдаа. Харин олзуурхууштай олж харсан зүйл гэвэл тэрхэн доод өвөр хоолойд хоёр халтар хулан байхыг ялгаж таньсан минь урам бадрааж бид хоёр ярих юмтай уулнаас бууж үеийн анд уургач адуучин Халтарын Төмөрбаатартаа хэлж хэдүүл нийлж сайн морины гүйхээр уул өөд шахаж элдэж хулан барьж үзье гэвэл: Төмөрбаатар уургалж бариад дараа нь тэгээд яах юм бэ гэхэд Даваа би эмээллээд мордоно юу шальдгийм томоороо шүдлэн үрээний хэртэй юм гэх чинь билээ. гэж байна шүү. Ингээд хэдүүл зэрлэг хулан уургалж барих юм болж энэ тухайгаа ах нараасаа нууж хурдан сайн морьдоо хулантай уралдуулж үзье хэмээн онгирч Даваа
өөрийн хар морио хагсааж байснаа больж Хуяг ахад хэлж хурдан Зэгэлийг нь барина гээд бид хэдийн морьд хагсааж яах гээд байгааг ах нарын зарим нь сэжиг авч энэ нэг хэдэн юм чинь нийлж амьтан хүний адуу мал хөөж хэрэг тарих нь үү яахнав Маарамбын хойноос явах гээгүй юм бол наад морьд тавь гэж загнуулаад үнэнийг өчсөнд больцгоо нутаг хөөж ирсэн хангайн сайхан зэрлэг амьтдыг бүү үргээж цочоо гэснээр хамаг төлөвлөгөө нурах нь тэр. Хэд хоногийн дараа Төмөрбаатар сувай адуундаа явж ирээд нөгөө хоёр хулан чинь энүүхэн Хавцалын өвөрт гараад ирсэн байна урд нь Бүрдний гол уугаад гарч байхыг харсан гэхэд нь миний унасан газар угаасан ус минь юмсан хаа холоос зэрлэг хулан ирж ундаалахыг бодоход яагаад ч юм над нэг л ойрхон санагдаж үргээчихгүй байж уул усандаа нутагшуулж дасгахсан гэж бодогдож билээ. Дурангаар холын зайнаас адуу малаа ялгаж танина гэдэг малчин хүнд цаг хэмнэж унаа малаа гамнах чухал эрдэм. Олон янзын хийц загвартай дурангуудаас малчин хүн аль илүү таниа сайтайг сонгодог. Сайн дурантай байх нь ялангуяа цаг зүтгэж мал муудсан хаврын хахир цагт бүр ч чухал. Миний үе тэнгийн хэд ойролцоох овоот толгой дээр хаврын хаварт цуглаж дурангийн авьяас уралдуулах. Тэгээд хэн түрүүлж таньсан нь тэртээ тэнд тэдний адуу байна гээд түрүүлж дуугарч байх нь хэдийгээр хоорондоо бооцоо мөрий тавиагүй ч гэсэн нүдний хараа болон дуран эзэмших авьяас шалгасан нэг төрлийн уралдаан байсан юм шүү. Овоон дээр олуулаа цуглаж дуран уралдуулах бүрийдээ Бээжин Цоодол шиг харна шүү гэж онгирцгоож түрүүлсэн нэгэндээ Бээжин цол олгодог боловоо. Хожим Даваа бид хоёул Бээжин Цоодол гуайнхаар очиж түүнээс тэр холыг хардаг хоёр нүднийх нь дуранг гуйж юм харж үзье гэж шийдээд тэднийх тэр жил Сахилдагтайн Хадатад ганц гэр зусч байхад зорьж очвоо. Өвгөжөөр насны нэлээн тийм барзгар нүүртэй хүн за та хоёр хаанаас гараад ирэв урдаас ирэв үү замд чинь манай хэдэн хонь байна уу? Хонинд яваа улс уу аль эсвэл айл хэсч задарч яваа хар моньднууд юм уу гүйюү гэсэн ширүүнхэн ярианд нь бид мэтийн жулдрай жижгэрч юун дуран юм асуух байхав өгсөн хярамнаас нь нэг нэг хумбан шаазан ууж аваад бушуухан мордож билээ. Та хоёр замдаа хонь нааш нь ил гаргаад орхичихоорой гэхэд нь за гэхээс өөр юм хэлж чадсангүй. Тэр бид хоёрыг хонь малаа орхиод айл хэсч явааг мэдээд за хө тэгвэл чинь байнаа дээд зэргийн тэргүүний сайн малчин хонь малаа дэргэдээс нь салахгүй дагаж хариулдгийм, дунд зэргийн над шиг нэг нь дурангаар юм уу сургаар хариулдгийм, адгийн муу малчин арчилж маллахгүй орхичихоод айл хэсч хариулдгийм даа гэж билээ. Ингээд бид хоёр адгийн муу нь болж таарваа. Хожим эргээд бодоход хоёр нарны хооронд гадаа хөдөө гандаж улаан цэмбэн дээлийнхээ далыг цайтал эдэлсэн уул усны минь өвгөд улс, аймаг, сумын аль ч наадамд очих таван завгүй хэдэн малаа дагаж зөрүү хар дуран, Эх-Орон 52 радио хүлээн авагчаас илүү нэг их юм хэрэглэдэггүй хэрнээ бодолдоо нэрсэн хэрсүү ухаанаар залуу хойч биднийгээ малын дөртэй болгож сум сунгаж үлдээхдээ өөр өөрийн өвөрмөц нарийн арга барилтай байж лүднүүд минь дуран эзэмшиж сураагүй байна гэж загнаж зандарч урмыг нь хугалахын оронд овоон дээрээс нэгийг олж харж холын тэртээх бэлчээрт байх адуу малаа үргээж цочоохгүй арчлан маллахын тухай хичээлийг Бээжин Цоодол гуай тэгж заасан байж дээ гэж сая л нэг юм ухаарч билээ. Одоо харин манайхан тавган антен гаднаа дэлгээд Малчин ТВ -н суваг солиод Москва, Бээжинг харж сууна гадаадад суугаа нэгэнтэйгээ гар утсаараа харилцаж байна. Удахгүй тэгээд Дрон нисгээд
улам ч амархан адуулж хариулдаг болноо. Гадаа хөдөөх олон малаа гар утсандаа дэлгэж хараад, утаагүй гал дээр цай хоолоо болгоод хааны өргөөнд амьдрах болноо харж л байгаарай их удахгүй.
Өнц Баянголын өвгөн Сүнгэрэв
Өвс шаргалтсан өвөл намартай Өнц, Баянголын өргөн тал нутагтаа хэдэн малаа гэсээр нэгэн насыг элээсэн өвгөн Сүнгэрэв харагчин мичин жилийн хаврын тэр нэг бор өдөр хэдэн хонио гэрийн зүг эргүүлж орхиод Өндөр-Өнцийн суурингийн зүг шогшлоо. Эднийх хоёр хүү нэг охинтой хот дүүрэн малтай хувьдаа час хийсэн хөрөнгөтэй дутах юмгүй айл. Том хүү Мартиновыгоо цэрэгт мордсоноос хойш нэгдэл нийгмийн малыг тоо ёсоор нь хүлээлгэж өгөөд өөрийн амины хэдийг бөөцийлөн хүүгээ цэргийн албанаас халагдаж ирэхийг хоног тоолон хүлээж суух болсон ажээ.
Өвгөн бээр өндөр чилгэр нуруутай, оросжуу маягийн төрхтэй нүүр царайтай бие хаа сайхантай эрүүл чийрэг явж хөдөлж байгааг нь харвал идэрхэн шүдлэн насны өвгөн үү гэмээр хөнгөн шаламгай агаад өмсөж зүүсэн болон эдэлж хэрэглэж яваа эмээл хазаар унаж яваа мориных нь байдал түүний бэлтэйг бэлхнээ илтгэнэ.
Өвгөн сум нэгдэл, суурин бригадын хуралд явж очих нь тун ховор хэрэв хэрэг болгож очвол бас дуугүй гарахгүй хүмүүсийн нэлээд сүүл хэрд юун тухай ухуулж ярьсныг нь хойгуур сууж дуулаагүй хүн болж могтгож асууна. Тэртээ жараад оны сүүлээр нэгдэлжих хөдөлгөөн ялсны 10 жил, Ленин багшийн мэндэлсний 100 жилийн ойг орон даяар сүр дуулиантай тэмдэглэх үзэл суртлын их ажил өрнүүлж сум суурингүй хурал ном болж олон шатны нам үүрийн дарга нар оросоор ярих нь халаг орилж хашхичиж байсны нэгэнд мань өвгөн суугаад харьжээ. Хот айлынхан нь юун тухай хурал болсныг нь түүнээс асуусанд өвгөн нэлээн удаан дуугүй сууж байснаа Өмч хураасны арав ч гэнүү, Үхсэн оросын зуун жил болно ч гэнүү л юм яриад байх шиг байсан хоцорч очоод хойгуур суугаад сайн дуулсангүй гэсэн гэдэг.
Харин өвгөн хахир хаврын энэ орой хэний ч урилга дуудлагагүй амин хувийн чухал хэргээр Өнцийнхөө төвийг зорих болжээ. Эднийх хэдэн хонь ямаагаа өвгөнөөс дутахгүй манаж явдаг хотны улаан халтар сүрлэг том Банхартай болохоор түүний чимээ аван хуцах нь хар барааны газраас тодхон дуулдана. Харин энэ удаа өвгөн өөр нэгэн гэрийн тэжээвэр амьтны эрэлд мордсон юмсанжээ. Суурин бригадын төв орж төрсөн дүү бага хэмээх Сүнгэрэвийндээ буугаад дүүдээ өөрийн өчүүхэн зовлонгоо хэлж муур хэрэгтэй болсноо хэлэхэд нь та Монжоогоос асуу тэр намайг бодохноо түүнийг энэ хавийн айл амьтан сайн танина гэжээ. Монжоо нь энэ том бага хоёр Сүнгэрэвийн ах өвгөн нь бөгөөд түүний жинхэнэ нэрийг нь Жоомой гэдэг тул эд нар түүнээ авгайлан хүндэлж ийнхүү дууддаг юм байж. Том ах нь түүний зовлонг ойлгож өөрийн сайн танил айлын муурыг сарын хугацаатай өгөхөөр болж өвгөнөөс түүнийг нохойд бариулчих юм бол өвлийн хоол авна шүү гэж тохирчээ.
Маргааш өдөр нь уг муурыг яаж гэртээ дасгаж хооллож арчлах зааврыг уг айлын авгайгаар заалгаж аваад шуудайд хийж ганзгалсаар гэртээ харьж ирээд гэрийнхэндээ гаргаж үзүүлж банхраас хол байлгахыг заавардаж хөгшиндөө хоёр нэг хоногтоо хоол багатай байлгахыг үүрэгджээ.
Өвгөн залуу зандан насандаа саарал боохойг хүртэл сайн морины гүйхээр хөөж гүйцэж ум нар модон ташуураа сарьсан хоншоорт нь буулгаж намнаж явсан удаатай ч энэ жил эдний нутагт үлийн цагаан огтоно хулгана олширсон тул өвөлжөөнийх нь эргэн тойронд нүх шороо овоолж гүйлдэх болсон тул хэзээний огтоно хулганаас айдаг нэг айхтар хуучинтай учир зарим нойр хулжсан оройгоо хөгшнөө дуудаж босгон галлуулж ганц аяга шимийн архи халаалгаж шар тос самруулж ууж унтдаг байж. Мууртай болсноос хойш түүний хөгшин шөнө дуг нойрон дундаа дуудагдахын зовлонгүй болжээ.
Ингээд мань өвгөний сэтгэл санаа тайван сайхан айж цочихын зовлонгүй болж тэгээд нэлээд хэдэн өдрийн дараа хониндоо явж ирээд хоёр муу ээтэн гутлаа гэрийнхээ дотор хатавчинд тайлж хаячихаад хоймортоо хөл нүцгэн завилж суучихаад хөгшнийхөө аагтай цайг оочлон хажуугийнхаа явган ширээн дээр цул мөнгөн шүдлэн аяганд овойтол дүүргэсэн цайны будаан дээрээ үе сүүл тавиулсан шиг хоёр хөлийн хэдэн хурууг савалзуулан хөдөлгөж суутал гэрийн дотор үүд хавьцаа хулгана гүйхийг тэвчээртэй хүлээж суусан нөгөөх муур ухасхийн чарлуулан базсанд өвгөний өнөөх айдас хуучин дэлбэ үсэрч барьж суусан аягатай будаагаа цацчихаад хөл нүцгэн харайж гараад тээр хол бууцны хөлд очиж зогсчихоод алив наадахаа бушуухан гаргаад хаяатах гэж байсан гэдэг.
Тэгээд маргааш нь нөгөө эрхэм муураа шуудайд хийж ганзаглаад айлд нь буцааж хүргэж өгөхөөр шогшуулсан гэдэг.
Дараа нь өвгөн урьд насны ясны өс хөнзонтой өнөөх огтоно хулганы армитай өргөн хүрээтэй дайн зарлаж аймгийн хорио цээрийн албаны хор цацдаг царцаа ногооны жолоочид өвлийн тооноос өмнө өөрийн унаатай өвгөн ахынхаараа ирээд яваарай гэж хэлээд шороо шиг оволзсон огтонын армийг шороон доор нь хийж авснаас хойш айх аюулгүй болж амарсан ч хонь үхрийн бэлчээрт зөрүү харынхаа үзүүрт олж харж зугаацдаг зорилго нэгтэй үнэг хярс хавь ойрт нь үзэгдэж харагдахаа больж уйдаасан гэдэг.
2023 оны 11-р сарын 11
Hayward
Миний нутгийн хаяа өлзийтэй түмний нэг өвгөн буурал ах Дангиний Цоодол Таны нутаг усныхаа тухай юм бичээрэй хэмээн зөвлөсний дагуу дөгөмхөн дуулсан дурсамжаа эргэн санаж үүнийг үзэглэв. Та уншиж үзээд ташаарсан болгоныг залруулж өгөөрэй.
Эвлэлийн даалгавар
Бэлчээр тэнүүн хөдөө нутгийн уул нуруудын ар хөндийд идэр есийн жавар ид тачигнасан дүн өвлийн цас бударсан тэр нэгэн өдөр хуучин Тарагт сумын төв Туяа бригадын баруун дэнжийн тэртээгээс бараан цагаан хоёр морьтон тодрон тодорсоор гарч ирэхийг улаан булангийн цонхоор олж харсан нэг нь өнөө хоёр чинь одоо л нэг юм ойртож ирж явна гэсэнд нөгөө нэг нь ийм сайхан хүүхэн авсан хүн чинь энүүхэн хужир шандтай голын хөндийг байтугай Гучин Төгрөгийг доргитол хурим хийх юм байгаа биз дээ гэвэл нэлээд амтай нэртэй нэгэн бүсгүй цуутай хүүхэн хуримгүй, дуутай тэнгэр хургүй гэдэг үг бий шүү харж л байя тийм үү үгүй билүү гээд хажуудах Өзийбатыг тохойгоороо зөөлхөн нэг ёворч суулаа. Хөдөө талын үзэсгэлэн хорин насны хойно уу өмнө үү гэлтэй залуухан хос нарийн хурган дээлийн суман хормой сэгсрүүлэн хөлдүү газрын хөрсийг унаа сайн морьдынхоо хумбан дөрвөн туураар бөмбөрдөн чимээлж дэжгэнтэл хатируулсаар бригадын улаан булангийн урдах чилийтэл татсан уяан дээр ирж буув. Төмөрбаатар хоёр морио зайгүй уясан морьдын дунд оруулж уяад хоёул дээлийнхээ цасыг гөвж унагаад улаан булангийн зүг хөтлөлцөн яаран алхахад өвлийн жиндүүхэн салхинд тэдний улаан сортой үнэгэн малгайн үс бутран хийсч нүүрэнд нь улаа бутран даарсан шинж огт үгүй Шоовдорын дугуй хээтэй ногоон торгон дээлэн дээр цасны уран ширхэг тоонолжлон буух нь түүнийг улам ч гоё болгох гэсэн шигээ. Төмөрбаатар хаалганы зузаан төмөр бариул дээр тогтсон цасыг нударгаараа цохиж унагаад за ор гэвэл Шоовдор чи эхлээд ор гэлээ. Эвлэлийн үүрийн дарга Намсрай тэдний хожимдуу ирсэн учрыг асуухад тэнгэр бүрхэг болохоор цагийн баримжаа сайн мэдэгдэхгүй юмаа гээд бурууг байгаль цаг ууртаа тохлоо. Ингээд ХЗЭ-ийн хурлын ирц 100% бүрдэж хурлын тэргүүлэгчид Намын үүрийн дарга Найданг оролцуулан дөрвөн хүнийг нэгэн дуугаар гар өргөн сонгож, хэлэлцэх асуудлаа санал нэгтэй баталлаа. Дараа нь намын үүрийн дарга Найдан босч Нам, Засгаас орон даяар социализмыг өрнүүн байгуулах талаар авч явуулж буй арга хэмжээнүүд түүний дотроос өнөөгийн гол зорилт болж байгаа атар газрыг эзэмших, ардын нэгдлийг бэхжүүлэх бэлчээрийг усжуулах ажлуудад МАХН-ын дайчин туслагч бэлтгэл хүчин МХЗЭ-ийн гишүүд идэвхийлэн оролцож улмаар Социалист Хөдөлмөрийн Төлөө бригадын хөдөлгөөнийг өргөн өрнүүлж ажиллахыг уриалж энд намын гишүүд бид та нарыг манлайлж ажиллах болно гээд арын өрөөнөөс намын үүрийн товчооны гишүүн Т. Чогзолыг дуудаж энэ залууст Төлөө бригадынхаа тухай тайлбарлаж ярь гэв. За манай намын үүрийн гишүүд нэгдэж Социалист Хөдөлмөрийн Бригад хамт олон болохоор үүрэг аваад түүнээ биелүүлэхээр ажилдаа орсон. Бригадын төвөө тохижуулж дөрвөн айлын орон сууцны байшин барина. Хоёр нэг хоногоос зарим нь хангайд Баарайд очиж мод хийнэ бригадын гишүүн Бадиа, Ёндонловдон нар шохой шатаах Бааюу шавар зуухыг энэ зүүн хамар дээр барина энд та нараас хүсэх нэг зүйл байна. Энэ нь юу вэ гэвэл байшингийн их бие, сууринд хэрэгтэй
чулууг урд уулын нуруунаас ухаж гаргаж гүүплэх амаргүй ажилд ялангуяа цэргийн насны залуус идэвхийлэн оролцох юм бол бидний үүрэг зорилго бүтэх юмаа гээд за би боллоо гэсээр яваад орчихлоо. Дараа нь Найдан дарга дахин босч ойрын хугацаанд Эвлэлийн даалгавар болгож хийх нэг уралдаант кампанит ажлыг Эвлэлийн үүрийн дарга Намсрай бид нар ярьж тохирсон энэ бол намын ч бас эвлэлийн ч даалгавар. Хот, сум, суурингийн эзэнгүй золбин нохойг устгах шийдвэрийг одоогийн соёлын довтолгооны ажлын явцтай уялдуулан төвөөс гаргаж аймаг сумын нам эвлэлийн анхан шатны үүрүүдэд даалгавар болгосон энэ зүгээр ч үгүй үүрүүдийг гурван байр эзлүүлж аккордион, баян, хөгжим, шинэ гарсан Эх-Орон-60 хүлээн авагчаар шагнана. Хот айлуудын ноход хүзүүндээ хондогтой байгаа үүгээр нь золбин нохойноос ялгана, нохойгоо алаад сүүлийг нь тасдаж аваад бид хоёрын хэн нэгэнд өг. Энэ ч одоо хөвгүүдийн хийх ажил байх охид бүсгүйчүүдэд ноогдох даалгаврыг үүрийн дарга чинь өгнө. Хурлын дараа буу буудах сургуулийг Улсын анчин Гончиг-Ориг та нарт зааж үзүүлнэ. Анчин өвгөний хоёр сайн калибр бууг дамжуулж хэрэглээд буцааж өгөх юм. Ээдээ та нар гэндэж сумаа хоолойд нь мартаж орхиж буу алдав болгоомжтой авч яваарай. Нэг авсан нь үнэг хярстай хөөцөлдөөд нөгөөдөө өгөхгүй удааж болохгүй одоохон ид нохой азаргалж байгаа үе дээр нь амжиж устгахыг бод. Сарын дараа үнэн зөв мэдээг нь төвд өгөх ёстой хэдэн сүүлийг нь ганзаглаад аймаг сумын төв орно байх. Би одоо явж анчин өвгөнийг гэрээс нь аваад сургуулийн бай бэлдчихээд та нарт хэлнэ гэхэд Намсрай дарга: Найдан гуай та ч гэсэн бидэнд зааж сургаж чадна биз дээ Зэвгээ гуай та хоёр хэзээ манай үүрийн хурал дээр байлдааны цусан гавьяаны одонгоо зүүж ирээд тэр хүнд цагт яаж цэргийн алба хааснаа ярьж өгөх улс вэ? гэсэнд та нарыг хүсвэл яринаа ярина Зэвгээ аймагт семинарт явсан ирэхээр нь хэлэмз тэр харин надаас илүү ихийг ярих байх яагаад гэвэл Аюуш, Дашдондог, Цэдэнсамба энэ хэд нэг оны цэргүүд хятадын Их цагаан хэрмийг давж Японтой байлдсан улс шүү. Гонжингийн Сүх бид хоёр бол Халх голын байлдаанд оролцож яваад ирсэн гээд гараад явчихав. Үүрийн хурал дотоод асуудлаа ярилцаж, хадлан тэжээл, хужир шүү бэлтгэх өмнөх үүрийн даалгавраа дүгнэж бас нэлээд санал шүүмжлэл өрнүүлж дуусах хэрд Улаан Булангийн эрхлэгч Цэвээндаш босч за та нар ахиухан хэдэн золбин агнаад надыг нэг шинэ Аккордионтой болгочихож чадахыг бодооч энэ муу баяны зарим товч нь мултарч унаад хурууны өндөг байхгүй болох нь гэж учирлахад За хичээж үзье ээ хэмээн хэдэн хар юм зэрэг дуугарав. Энэ орой энд Эвлэлийн гишүүн сайн дурын уран сайханчдын ноймер бүхий нийтийн бүжгийг Улаан гэрийн эрхлэгч миний бие хуучин муу баян хөгжимтэйгээр удирдан явуулах тул та бүхнийг хоцрохгүй цөм бүрэн оролцоорой гэж урьж байна гээд Цэвээндаш үгээ дуусгавал Намсрай дарга эмэгтэй гишүүн бүр хурга ишигний таван элгэвч, нэг тугалын нэмнээг мал төллөхийн өмнө хийж ирэхийг даалгаж дараагийн үүрийн хурлын товыг малчны цагаан сарын дараа жич зарлахаар тогтов. Намсрай дарга эрэгтэй гишүүдээ дагуулсаар бригадын суурингийн зүүн хойтох газар зоорны цаадтай буу буудах сургууль хийх талбайд очиж тэнд хэдийнээ сургууль хичээлээ заахад бүхнээ бүрэн бэлдсэн нутгийн хүмүүс алаач хэмээн дууддаг анчин Гончиг–Оригоор буу яаж сумлах, онилж шагайх, буугаа яаж хэвтээ босоо шийрлэх, хэвтэж сууж буудахыг заалгаж бай онох сургууль хийж зарим байнд оноогүй нь алив дахиад нэг гэж өвгөнөөс сум гуйж аргадаж нэлээд сонирхолтой сургалт сургууль болоод тарж таних айл хунараараа орж цайлж дайлуулж
аваад оройн үдэшлэгт уван цувсаар ирцгээв. Харин анчин өвгөн Хараацайд гарч боохой агнана гээд Орос Харвинаа агсаад мордоод явчихав. Энэ оройн үдэшлэгт Чулууны Пагам уран билгээ хийж, Цэрэнпунцаг Нямсүрэн хоёр Намсан гуай ардын харилцаа шог дууг дуулж жүжиглэж үзүүлж, аймгийн тэргүүний уран сайханч шонбон хэмээх Чулуун Цомбон туурт хүрэнг үнэнхүү сайхан дуулж дахиулж цөмөөр “Онон Туулыг харах дээр Ээжийн маань сүү шиг санагддаг Өндөр сайхан Алтайг үзэхээр Өөрийн эцэг шиг бодогддог Монголын залуучууд дуулаад явахдаа Талын эрдэнэ мал сүргээ Тэнгэрийн од шиг болгохыг зорино “ гэж хуучин баян хөгжмийнхөө аянд хоордон дуулж бүжиг вальсыг эцэж ядрахыг мэдэхгүй эргэсээр шөнө дундын хэрд тарцгааж гэр гэрийн зүг мордоцгоов. Харин Өлзийбатын гэр аав Шандан гуайнх Хайрхан уулын өвөр Хадатын өвөлжөөнд хол тул баруун дэнжийн жан бангийн хэдэн хөх модон байшингийн урдхан тухалсан нагац ах Шийрэвчогдон өвгөнийдөө үеэл Цэрэндолгороор бууз тэргүүтнээр дайлуулж ах өвгөндөө хоёул юун хурал болсон ямар даалгавар өгсөн тухай сонин дуулгахад: Аа тархинууд нохой алж нүгэл хийж одоо яахнав манайд дах хийсэн чонын сүүл хойт байшинд байх ёстой чи тэрнийг өгөөд ам хаачих цаадуул чинь ялгахгүй тоолоод чулуудчих байх гэсэнд Өлзийбат дуртай зөвшөөрч үеэлдээ чи олоод хэд хоногоос очоод миний нэр дээр бичүүлчээрэй би ээжээр чамд элгэвч нэмнээ хийлгээд аавд чинь ирж золгохдоо аваад ирнэ гэсэнд цаадах нь таниад авахгүй гэвэл би яах юм бэ гэхэд нь тэгвэл чоно алсан байх гэхгүй юу бүүр сайн болно биз дээ гээд нагацдаа ярьсан минь хэрэг боллоо хэмээн бодож байснаа тэднийхээ дулаан гэрт нам унтаад өгөв. Тэр оройноо тэнгэр цэлмэж цасан дуулгаа нөмөрсөн Тарагтын цагаан зоонд арван тавны дүүрэн сарны гэрэлд эргэн тойрон тов тод тодрон харагдах нь гэрийн зүг зөөлөн шогшох төдий дөрөө харшууланхан яваа нөгөө хоёр энэ тэрийг ярьж инээж хөхөрсөөр саруул талын цээжинд шинэхэн орсон цасны сэлүүн цэвэр агаар унаа морьдын хамарт уур цан савсуулсаар мичид гудайсан хойно Ундайн бөөр дэх Дүмбээ Доржийн өвөлжөөнд дөхөж ирэхэд цасан дэвсгэр дээр Шоовдорын унасан цагаан загал холоос үзэгдэж мэдэгдэх нь үгүй түүний ногоон торгон дээл, Төмөрбаатарын хүрэн морь, өмссөн дээл сарны сүүдэрт бараан өнгөөр тодорч чимээ авсан хотны ноход тэр хоёрын зүг харваж ирэхэд Шоовдорын дуунаар бүгд нам болж ганц хотны атаман том хар хаа нэгхэн хуцам аядахад энэ манай хар Авшаагийн хэлийг ойлгодог байх шүү чи гэрээс гарч орохдоо хямагтай байгаарай гэлээ. Шоовдорын эх Лхамсүрэнг эднийхэн Авшаа хэмээн авгайлан дуудах агаад түүний том охин Дулам хэдийнээ шар Пэрлэй гэх айлын бэр болж бураа Жанчивтай ханилан суусан ажгуу. Энэ том хар заримдаа над руу сэжигтэй хараад байх шиг байдаг шүү, танайхан ч бүгд л Авшаагийн заавар даалгаврыг дагадаг юм биш үү гэсэнд Шоовдор тэр дор нь шүүрэн авч чи тэгээд зааврыг нь авах дургүй байгаа юм уу гэсэнд Төмөрбаатар байдлыг намжааж дараагийн хуралд хоёулаа морио хуарлуулж унаад очвол эрхэм эвлэлийн гишүүд юу гэх бол гэсэнд арай олонтой газар наадмаар бол харин зүгээр юм биш үү гэсээр ган жийжүү хан хийлгэн хот дүүрэн хонь ямаа хотолсон өндөр чулуун хороотой нөмөр дулаан бууц өвөлжөөн дэх уяан дээр буулаа. Маргааш өдөр нь Төмөрбаатар нарийн өвс шаргалтсан Жирэмийн цагаан нуруунд орхисон адуугаа эргэж бод малын хар туруу цастай нурууны арын бэлчээрт гаргаж орхиод Жирэмийн Их Овооны зүүн суганы өвөлжөөнд байх гэртээ харихад нь эх эцэг хоёр нь үдийн цайгаа чанаад хүүгээ ирэхийг хүлээж суулаа. Түүний эх Даш, эцэг Халтар энэ хоёр хөгшин нэг охин, хоёр хүүтэй
бөгөөд охин нь хэдийнээ зэргэлдээ сум нэгдлийн даргын гэргий болж бага хүү тожин хэмээх Түмэнбаяр нь авгай авч өрх тусгаарлан гарсан тул Төмөрбаатарт эцгийн голомт сахих хувь тохиожээ. Хэд хоногийн дараа нохой агнах эвлэлийн даалгавартаа гишүүн залуус шуурхайлж Төмөрбаатар найз Даваагаа хань татаж Туяа бригадын төв орж хоршооны манаачийн шинэ калибрь бууг авч нохойн анд хоёул мордовоо. Бригадын төвийн хэдэн хөх модон байшингийн дундуур явж нэгжээд золбин нохой олдсонгүй тул хойтох овоотой толгой дээр гарч дурандвал Сономпил өвгөний өвөлжөөний цаанаас хэсэг нохой гарч гичийгээ даган урагшаа хүшууран явахыг дурандаж олоод ухасхийн мордож тэднийг тэртээх баруун дэнжид отож голын дэрсэнд нуугдаж ойртож ирэхийг хүлээлээ. Тэр хэсэг нохдын дунд том улаан халтар бас нэг том хар нохой бусдаасаа их л давилуун тэр хоёрын морьдыг харан үе үе хуцаж явахыг хараад Даваа ер нь хоёулаа энэнийг нь далимдуулаад морин дээрээс татаж унагаачих гээд байдаг айлуудын зарим нохойг олж дарж авбал яасан юм бэ хө? За тэр харыг нь эхлээд бууд энэ ер нь Гучингийнхны нэг айлын айхтар галзуу хар юм шиг байна гэхэд нь Төмөрбаатар тэрнийг нь овоо хараандаа шагайж хараад үгүй энэ чинь Доржийн хартай яасан адилхан юм бэ гэсэнд өчигдөр гаднаа уяатай бас хондог тэмдэгтэй хүзүүвчтэй байх чинь билээ Авшаа тэгж нохойгоо сул тавихгүй гэсэнд хэсэг гайхаснаа овоо хараагаа улаан халтарт шилжүүлж үзтэл тэр нь охин нохойныхоо цаагуур орж ташаарлаад болсонгүйд Даваа түүнд нохой холдлоо бушуул гэсэнд хард хараалж байгаад гохыг дарсанд тэр нь годройтон унаж бусад нь буун дуунаар бутран зугтаж одлоо. Хоёул хар морьт татаж хэсэг тухлан сууснаа ноход нэгэнт тарж холдсон тул дахин гарч ирэхийг хүлээх хооронд баруун дэнжийн айлуудаар хэсэхээр мордвол Даваа хоёулаа эхлээд Чулуун гуайнхаар оръё Түндэв өчигдөр дэлгүүрээс баавгайтай чихэр аваад гарсан Пагамд барьсан байх цаадахыг чинь өдөж байгаад баавгайтын мөрийтэй нэг хоёр гар үзээд гаръя гэвэл нөгөө нь өдийд аргалд явсан байхаа гэсэнд өө цаадах чинь тэгж өдөр бүр аргалд явна гэж байхгүй гэртээ л тольдоод сууж байгаа айл амьтнаас зовохдоо зундаа нэг хүүхдийн тоглоом шиг хувин барьж холбооны талд сууж харагддаг гэсээр тэдний гадаа давхиж хүрээд их л эрэмгий чангаар Даваа нохой хориорой гэсэнд Пагам гэрээс шурхийн гарч ирээд зүгээр, нохой уяатай байгаа гэлээ. За тэр айлууд нохойгоо уяж байгаа цаад муу хар чинь тэднийх биш гэж Даваа батлав. Удахгүй өвлийн дунд сарын шинэдээр тариачин Норовынх бэр гуйхаар өдөр асуулгасанд эдний хоёр хөгшин нутгийн номтой сайн лам Паньдлхүндэвийн Дашдоржийнд очихоор явсанд айх жийрхэх юмгүй нохойн ангийн тухай ам булаалдан ярьж нэг нь бууныхаа замгийг өврөөсөө гаргаж буцааж хийгээд за алив хөзрөө гаргаад ир энэ аяганы ширээн дээрхи идээ юмсыг ав гээд Пагамыг толинд харагдахаар суулгаад зузаан том үстэй дээлтэй хоёр юм зуухны ард баганын хажуугаар багтаж ядан сууж Пагам хожвол энэ хоёроос тав тавыг авах хожигдвол нэг нэг баавгайт өгөхөөр мөрийг тохирч гурван гар үзэж суутал манай хар нохой энүүгээр явж харагдав уу? Хотондоо энэ өглөө байдаггүй ойрхоны энэ Дамбын нэг халтар юм хэд хоногоос ирж үзэгдээд байсан тэр дагуулаад явсан байж мэдэхээр гэж Авшаагийн айлын хүнтэй ярилцах нь тод сонсогдлоо. Тэр доороо мань гурав түргэн авч хөзрөө хумиж Даваа эхэлж гарч Авшааг саатуулах хооронд Пагам Төмөрбаатарыг гэрийн доторхи модон орны нүүрийг авч нуух гэж үзээд багтсангүй тул
сэмхэн гаргаж өөрийн жан бангийн хөх модон байшинд түгжиж орхилоо. Айлын эзэгтэй Авшааг хүндлэн гэртээ урьж оруулсан зайд Пагам үүнийг гялс амжуулаад гэрийн дотор хаяанд үлдээсэн бууг нь орныхоо араар хийж хөнжил гудсаар дарж нуув. Авшаа айлын хүнээс Пагамын хоёр хөгшний эзгүйг олж мэдсэн тул Пагам шагалтаас аврагдав. Нэгэнт бригадын төв орж ирсэн тул Авшаа дүү Найдангийнхаараа бууж учир явдлаа хэлэхэд Даваа, Халтарын Төмөрбаатар хоёрыг нохой буудаад явна гэж хүн над хэлсэн тэд магадгүй гэлээ. Тэгээд Давааг дуудаж асуухад бид хоёр нэг хондог зүүлтгүй хар нохой алсан тэр лав танай нохой бишээ гэсэнд тэд очиж үзвэл Авшаагийн атаман хар мөн болж таарлаа. Эрлээ нэгэнт мухарласан Авшаа тавгүйхэн мэдээтэй орой нар жаргахын алдад буцаж ирэхэд нь Шоовдор түүнийг угтаж мориноос нь буулгангаа манай хар нохой харагдвуу гэсэнд цаад Төмөрбаатар чинь буудчихсан байна гэлээ. Тэгээд тэжээсэн халтар гөлгөө эргэж энэний хотоо манадаг болтол ч хол байна даа гэж хэд илснээ идүүрт хөлдсөн шөлийг нь гэрт оруулж хаяандаа тавиад орон дээрээ сууж уртаар амьсгаа татлаа. Удалгүй дүү гэрийн эзэн Дорж хониноос ирж гэрт нохойн тухай яриа өрнөхөд Авшаа бууж мордож орж гарч байхад айж болгоомжлох юмгүй гэж санаатай олж буудаж байхгүй юу тэрнээс биш гадуур эзэнгүй золбин нохой хаа мундсан юм өөдгүй санаатай золиг гэхэд уяагаа тас хазаад явчихсан байх чинь билээ гэж Шоовдорыг хэлэхэд ах Дорж нь тэгээд чирч явсан уяан дээрээ гишгээд юм уу эсвэл юманд хавчуулаад хүзүүвчээ тасдаж мултлаад хондоггүй явсан л даа тэр гэж түүнийг дэмжихэд Шоовдор ахиулж хондоггүй болохоор нь танилгүй буудаа биз гэж Төмөрбаатарыг өмөөрлөө. Ингэж хэлэхэд нь Авшаа уурсаж хм.олиг муутайд нохой дасдаггүй юм ухаантай амьтан. Наад нэг юмыг чинь хүмүүс өндөр Жадамбаагийн нууцгай хүүхэд гэж ярьдгийм билээ тэрнээ хуулж дуурайсан жудаггүй амьтан ирэхээр нь чи битгий нэг их сүйд болоод байж үзээрэй эрх биш нэгдэл нийгмийн олон адууны захад байгаа болохоор айл амьтны гуйсан унааны ганц нэгийг бариад өгчихдөг болохоор нь хүмүүс цаадахыг чинь онгироож уургач, унаач гэж худлаа цоллож ярьдаг байх манай эндхийн жинхэнэ уран уургач хүү чинь энэ Гонжин өвгөний Цоодол байхгүй юу жаахан Долгор азтай хүүхэн тийм түмэндээ тустай гүндүүгүй сайн нөхөртэй. Хааяа нэг Өлзийбатыг энэ хавиар ирэхээр нь хашаа хорооны цаагуур наагуур нуугдаж ороод л чамайг ямар бариад идчихэв гэмж муу майг Шандан, Шоовдор хоёр чинь идээ цагаагаараа нутаг усандаа нэртэй хэдэн охид ганц хүүгээ гэр малын ажилд үүртэхээргүй болгож өсгөсөн ажилтай улс. Арай тужтай нуруутайг нь дагаж явбал алсдаа чамд хэрэгтэй байхаа. Наад хоолоо бушуул өлсөж байна гэлээ. Үүнээс хойш хэдэн өдрийн дараа хоёр найз Жирэмийн бага овоон дээр уулзаж Авшааг яаж аргадах тухай ярилцаад нөгөө ноход дагуулж явсан нарийхан халтар чингэрийг олж гаднаа авъя тэрнээс эрхбиш атаман харын гөлөг гарах байх түүнийг нь тэжээгээд Авшаад өгье гэж шийдэн мордож бригадын төв тийш цас манаруулан давхиж гарваа. Ингээд нэгдлийн адуучин эр маань нөгөө нохойг гөлгөлтөл нь алдахгүй маллах давхар ажилтай болвоо. Тэр жил Өврийн сайхан хангай нутаг даяар өнтэй сайхан өвөл болж Арвайхээрийн алтан шаргал тэнүүн тал Тарагтын цагаан зоонд өнө тарган өег цатгалан хотол олноороо сайхан шинлэлээ. Цагаан сарын дараах эвлэлийн үүрийн хуралд Шоовдор гишүүн ирсэнгүй. Гэсэн ч эвлэлийн үүрийн хурал болдгоороо болж аймгаас уралдааны дүн ирж тэргүүн байр авч чадалгүй Баян-Өндөр сумын Туг бригадад алдаж бас ч яахав Цэвээндаш шинэ Баян хөөрөгт хөгжимтэй боллоо. Даваа, Төмөрбаатар
хоёрын ан хийх ирийг Авшаа дарчихаагүй бол Аккердон хөгжимтэй болчихоод Намын үүрийн дарга Найдан Ази-Африкийн орноор сарын хугацаатай аялах байлаа. Тэр жил Баян-Өндөрийн Намын үүрийн дарга Дангины Цоодол шалгарч явсан юмдаа. Тэр жилийн зун нь хур бороо татуу гандуу болж айлууд бэлчээр ногоо хөөж хол хол нүүцгээж харин намар тийшээ говь тал руугаа урт намар болж зусланд хангай тийшээ хол нүүсэн айлууд намаржаа татан ойртож бууцгаалаа. Халтар өвгөн намрын эхэн сарын шинийн наймны өлзийт сайн өдөр хадаг өвөртлөн баян цагаан Жирэмийнхээ намаржаанаас Сахилдагтайн Хадатад намаржиж байгаа дүмбээ Доржийнхийг зорин мордлоо. Замынхаа ах дүүгийн айл хунарт буулгүй давхиулсаар зорьсон айлынхаа уяан дээр ойртож очвол гөлгөн улаан халтар нохой ээрэн боргож ирэхэд Авшаа гэрээс гарч нохой хорив. Тэгээд гэрт орж за та бүхэн Бие амар, сүрэг тарган тавтай сайхан намаржиж байн уу? хэмээн мэнд асууж нутаг усны сониноо ярьж айраг идээгээр дайлуулж суусан Халтар өвгөн хоолой засан ам нээж За жилдээ хонио бэлчээрт хэд нийлүүлдэг зан заншлаа мэдэх нэг нутаг усны бид байтугай өөр өөр хэл заншилтай хоорондоо байлдаж зөрчилдөж явсан дэлхийн улс орнууд учир явдлаа ойлголцож найрамдан амьдарцгаадаг сайн цаг иржээ. Тэгээд би өлзий төвшин энэ өдөр хоорондоо ураг барилдахын учрыг та хоёроосоо асуух энэхэн чухал хэргээр танайхыг зорьж ирлээ гэсний хариуд гэрийн эзэн Дорж наадахыгаа эрт хэлж байхгүй яасан юм бэ? Өнгөрдөг хавар майг Шандан адилхан юм хэлж ирэхээр нь хадгийг нь авчихсан. Удахгүй энэ намрын дунд сарын арван долоонд гэртээ оруулж авна гэж өдөр асууж хэл өгүүлсэн байна лээ гэв. Үүнийг дуулсан Халтар өвгөн зорьж ирсэн хэрэг нэгэнт бүтсэнгүйн учир өмнөх шилтэй шимийн архийг амсалгүй орхиод үг дуугаралгүй мордож түүний харих зам дагуух айлуудыг бүгдийг хэсч хатуу идээний чанарыг шалгаад шал согтуу гэртээ харьж Дашийхөө майг Шандан гуйснаа над хэлдэггүй байна шүү нохой хүн юмаа гэмгүй сайхан нөхөрлөж ууж гуларч явсан юмсан гэж хэлээд орныхоо урдах намхан сандлыг авч дэрлээд гэрийн баруунаа байх ширмэл эсгий тойруулган дээр дээш харж хэвтээд хурхирч гарлаа.
Сүүн заводын айлууд
Өргөн хангайн салбар уулсын баруун биед тэртээ хол тэнгэрийн хаяаны уулс цэнхэртэж харагдах саруул сайхан харууцтай Тээлийн өндөр даваа Тарагт Уянга хоёр сумын дунд хажуудах хоёр өндрийн хотос даган урд талаасаа нэлээд алсуурч ар луугаа огцом уруу тул энэхүү хангайн буурал даваан дээрээс тэртээ доор мушгиран урсах Мухар Тээлийн голын хөндий алган дээр тавьсан мэт тодхон харагдах агаад дэнж даган буусан сүүн заводын айлууд ногоон торгон дээрх тана эрдэнийн товч лугаа үзэгдэх нь үнэнхүү үзэсгэлэнтэйг өгүүлж барамгүй сайхан. Хөвөн үүлс хөх тэнгэрийн мандалд зугаацаж үдийн нар голлосон үед үхэр малын бэлчээр дагуулан харуулдахад үүлсийн сүүдэр цэцэгт номин хөндийд тарлан хээ урлан байгааг харах тусам дэлхий байгалийн сайханд эндхийн хүн зоны сэтгэл бахдам цээж тэнүүн жаргалтайг харахаар Хөдөлмөр нэгдлийн сүүн завод буусан ургамал ногоо жигдэрсэн уул ус тэгш “Мухар Тээл”ийн хөндийг хүн малын диваажин гэлтэй.
Энэ бол нэгэн мянга есөн зуун жаран таван оны зун цаг. Аав маань ээдэмцрийн тасгийн мастераар ажиллахаар манайх таван сарын сүүлчээр Тарагт сумын сүүн завод буусан “Тээл”-ийн голын хөндийд аймгийн төвөөс нүүж ирж буув. Аав тийш нүүхээс бараг сарын өмнө бэлтгэл ажлаа эхэлж сүүний ээдэм хатаах тэвш, тавиур хийж би өөрийн чадлын хэрээр аавдаа тусалж хичээл тарж ирэнгүүтээ ээжийнхээ хийж тавьсан аяга цайны будааг идчихээд унадаг дугуйгаараа жирийлгэсээр аймгийн артелын хашаанд очиж үдээс хойшжингоо л хадаас тэгшлэх, эвдэрсэн модон жааз хадаж засах түүн дээрээ цагаан ямбуу татаж арлах зэрэгт туслана.
Миний хичээл дуусахаас өмнө манайх нүүсэн тул аав надыг буцаж ирж авсан юм. Тэр жил аав улаан ЯВА-250 шинэ мотоцикль авсан болохоор сурагчийн цүнхэндээ ээж, дүү нартаа өгөх хэдэн чихэр хийж ардаа үүрчихээд аавынхаа ард сундалдан харьж явахад униар татсан цэцэгт ногоон тал намайг тойрон эргэлдэж байх шиг санагддагсан. Замдаа сумын төвд Сүхбаатар ахынд бууж Баатарсүрэн эгчээр дайлуулж аваад борооноос өмнө харина гээд яаран мордлоо. Тээлийн өндөр даваа өгсөж явтал бороо цутгаж бид хоёр бууж бороо өнгөрөөгөөд машин зам даган урсах борооны ус татарч газар гагшнахыг хүлээх зуур аав дугуйн хийг чангалж, би орос бакалын чанарыг шалгаж цэцгэн дундуур туучин дайралдсан далбайсан хар мөөгнүүдийг өшигчин тоглож аваад хөдөлж даваагаар давахад үүл хөөгдөн нар гарч аадрын үүлний бараан хөшгөнд долоон өнгийн нуман солонго тодроод, сэрүүн тунгалаг агаарт цэцгэсийн анхилуун үнэр дэгдэж хамар цоргин сэнгэнэхэд сэтгэл улам улам сэргэх ажгуу. Даваа ар луугаа огцом өндөр учир аадрын ширүүн борооны ус аль хэдийнээ уруугаа урсан татарч машин зам хурын усаар угаагдаад дардан сайхан болохоор саад тотгоргүй давхисаар гэртээ дөхөж очиход сүүн заводын дэнж даган зээглэж буусан цагаан гэрүүд ногоон цэмбэн дээрх танан товч адил тодорч харагдав.
Айл бүрийн зэлэн дээр сарлага, хайнаг голдуу үхэр байх бөгөөд оройн саам болсон тул саалийн зэлний салхин дээд талд ялаа шумуул хөөх утаа май тавьж савгаа газар чирсэн сарлагын бухны хамар тачигнан мухар толгойгоороо эрэг шөргөөн нурааж, нүд нь улаанаар эргэлдсэн элбэг барим бүдүүн эвэртэй монголын бух урд хөлөөрөө шороо самран урамдаж байх нь энэ газрын арслан заан мэт хүчтэнүүд хүч бяраа багтааж ядан байж халз үзэлцэхээр бэлтгэл бие халаалтаа хийж буй энэ ажгуу. Цав цагаан битүү халадтай хүүхнүүд үнээ сааж, хүүхдүүдийн том нь
тугал татаж, гэрийн эзэд их төлөв уурга шилбүүр барин бух хорих ажилтай ид их ажлын үе болсон байлаа.
Сүүн заводын мастер Самбаа гуай сүү хүлээн авах цаг болохоор сүүн заводын гэрийн тооноор улаан туг гаргаж өндөрт мандуулан дохио өгөхөөр хүмүүс бетонтой сүүгээ дамжлан ирж дараалан зогсож хүлээнэ. Айл бүрийн сүүний өтгөн чанарыг ареометр дүрж үзэж шалгаад хэмжүүрийн саванд юүлж литрлэж хүлээж аваад данс тэмдэглэл хийж өгнө. Дараа нь хүлээж авсан сүүгээ 20 болон 40 литрийн гушаатаг гэх сэнжтэй төмөр саванд хийж гадаах газар зуухандаа халааж аваад сүүний машинд юүлж маниулыг нь гараар аяархан эргүүлж машиндахад нь нэг цоргоор нь цөцгий нөгөө цоргоор нь шингэн сүү ялгаран гарна.
Гарч байгаа шингэн сүүг нь аав хүлээж аваад 800 л багтах том модон торхонд шар сүү бас дээр нь тусгай ээдүүлэгч хүчил нэмж хийж ээдүүлээд унасан бүх ээдмийг нь даавуу уутанд хийж шахаж хонуулаад маргааш нь нарийн төмөр торон дээр үрж жижиглээд цуу ямбуу артай тэвшинд дэлгэж хатаагаад хоёр давхар бор цаасан уутанд нэг бүр нь 50 кг болгож жигнээд амыг нь битүүлж оёод хаяг шошго зүүж хурааж нэг машин дүүрэхээр болонгуут шууд УБ-т илгээнэ. Шил шиг хатсан энүүгээр чинь хэн юу хийдэг болж байна гэж хүмүүс ааваас асууж шалгаахад аав гадаадад гаргадаг юм боловуудаа мэдэхгүй гэж сууна.
Самбаа гуай ялгаж авсан цөцгийгөө устай нүхэнд хадгалж сэрүүн хонуулаад маргааш нь сумын төвд байх цөцгийн тос цохих цехэд илгээнэ. Тэнд үнээний сүү талхан дээр түрхэж иддэг масло тос болно. Үлдсэн фактаар нь хачин гоё амттай ааруул хийнэ.
Жолооч нар ээдэмцэр, цөцгийн тос ачаад шууд УБ хот. Ялангуяа орон нутгийн жолооч нарт энэ нь баазын даргын том урамшуулал болдог байв. Ачиж буулгахад амар, жин ихтэй бас тэгээд бүтээлэг хучлага хэрэггүй бороонд норвол бүр ч сайн харин модон торхны бүсийг нь сайн чангалахгүй бол задарч мэдэх нэг зовлон бий. Буулгаж тушаах газруудад ноостой адилхан урт очер байхгүй гол төлөв хүнсний үйлдвэр цэргийн ангиудад өгчихнө.. Хэдэн цэргийн хүүхдүүд гарч ирээд нүд ирмэхийн зуур бөндөгнүүлээд татлаганы олсоо эвхэж дуусаагүй шахам байхад цөмийг нь буулгаад поорчиг хаагаад өгчих нь амар шүү дээ хө гэх.
Манай ээдэмцрийн тасагт аав, ээж хоёроос гадна гурван түр ажилчинтайн хамгийн ахмад нь Сэмбээгийн Шийрэв гэж нэлээд ёжтой үг яриатай өвгөн байх. Түүний ганц охин Цээрэгзэн энэ хоёрыг би урд нь мэдэх билээ. Надыг сумын бага сургуульд сурч байхад өвгөн галч хийж түлээ мод хөрөөдөж тайрдасыг хангинуур сүхээр хагалж цуулаад сургуулийн хэдэн навтгар байшингийн пийшинг галдаж өдөржингөө борив бохисхийх завгүй явна. Дотуур байрны хүүхдүүд өвгөнийг гарсан хойно гутлын тосны төмөр хайрцагны таганд домбон ёотон хийж пийшинд хайлуулж хувь хувийн чихэртэй болж аваад түүнээ удаан хэлээрээ долоож амтлана. Өвгөн ганц охиноо амь шигээ хайрлаж түүнийгээ их гоёноо. Сургуульд хоёр гуравхан охид орос пальто өмсөж явдгийн нэг Цээрэгзэн болохоор бүх хүүхдүүд түүнийг танина.
Гадаа удаан сууж ээдэмцэр үрж жижиглэж байхдаа аав өвгөн хоёр нэг нутаг усны хувиар хуучны түүх нэлээдгүй хөөрөх тул энэнийг нь сонсох дуртай айлын Төмөр хөгшин данхтай цай идээ барьж ирээд завгүй ажиллаж байгаа хүмүүст өөрийн чадах тусыг хүргэж энэ ажлаа огт таслахгүй өдөр бүр тогтмол цагт хийж тэдний дэргэд удаан нарлаж сууна. Өвгөн энэ хөгшнийг цаашлуулж “ Чи хө ер нь бид хэдийг бодохноо өдөртөө зав чөлөөтэй хүн ойрноос нэг бүрхээр тогоо нийлүүлнэ байгаа энэ манай асгаад байгаа шар сүүнээс нэмж арвижуулаад
ганц хоёрхон усаар тогоо авчихад л гал дүрэлзсэн чанга юм гарах вий. Айж эмээх хэрэггүй нэгдлийн дарга Рагчаа гэдэг хүн чинь энэ нэг Тогоохүү депутат хүүхнээ дагуулаад цөцгийн тос юм зөөдөг машин чийчаан дээд том дарга нараар цохуулж авахаар удахгүй хот явах сурагтай. Хэзээ мөдгүй явах бололтой юм Самбаа ярьж байсан. Энэ эзгүй хооронд нь шалавхан хэд сайхан тогоо тавиад амжуулаад авбал зүгээр юм биш үү. Айдаа энэ буянт малаас чинь хаях юм даанч үгүй амьсгааг нь хүртэл Алтан хараацай сороод одох юм даа муу өвгөн ах чинь амь зууж аж төрж явахдаа бас ч үгүй бага сага юм үзсэн шүү хөөрхий гэж суух. Нэг удаа аав Шийрэв гуай та Гэндэн сайдтай хаана хаана явж байв гэхэд за даа нэг их хол явж үзсэн юм байхгүй дээ орон нутагт ирэхэд нь эрх биш хүргэн нь шүү юм болохоор бас хүний тоонд багтаж шилэн Форд машинд нь суугаад давхиж л байлаа” гэнэ.
Өөр хоёр ажилчин нь Төмөр хөгшний охид Гаваацадмид, Шийлэг хоёр ажилд их гавшгай. Эдний энэ хоёр охины дундах нь Даваасүрэн гэж эгч Архангайн багшийн сургуулийн оюутан зуныхаа амралтаар ирж ээждээ тусалж байгаад буцсанд ээж түүнийг ажиглаад энэ хэддээ тустай сайн охин байна оюутан сурагч чинь соёлтой цэвэрч нямбай байдгийм байна шүү дээ та нар харж байгаа биз гэж сануулж хэлснээс хойш оюутан болно гэдэг их сайхан юм байна даа гэдэг бодол над төрж билээ. Түүнийг сургуульдаа намар буцтал тэр хавийн залуучууд тэднийхээр байнга ирж тоглоом тоглоё гэж түүнийг аргадаж гуйх боловч тэр болгон тоглоод байхгүй дандаа л гэрийнхээ цагаан хэрэглэл ээж, эгч дүү нарынхаа хувцсыг угааж аавын бүртгэл дансыг хөтөлж тооллого хийж өгнө. Намар түүнийг буцахад нэлээд хэдэн залуус үдэж зогсоод за энэ сайхан бүсгүйг чинь явчихаар сарлагын бух хүртэл догшроод бид хэд ч хэцүүхэн учраатай уулзах байхдаа хэмээн хошигнож зогссоныг нь одоо зүйрлэн бодоход анхны алхам киноны зураг шиг.
Сүүн заводад ХЗЭ-ийн үүрийн дарга ирж залуу саальчин хүүхнүүдийг социалист хөдөлмөрийн тухай шинэ дуу сур хэмээн аргадангуй гуйж, явуулын номын сан ажиллуулж гэрээр унших ном тарааж ухуулагчийн өврийн дэвтэр хүн бүрт өгч харагдах. Хааяа урлагийн бригад аймаг, хотоос ирж тоглоно. Сумын нам, эвлэлийн үүрээс тэднийг ихэд анхаарч дээдлэн хоол цагаан идээгээр дайлж гарна. Малын эмч Цэрэннадмид гэж нэг нормын мотоцикль унасан ганган залуу байх. Тэр хотын урлагийн бригадын нэг хүүхнийг ардаа сундлаад бүхий л өдөржингөө тэр хавийн айл болгоноор шахам орж онгирч гайхуулна. Орой нь сүүн заводын залуус урлагийн бригадынхантай нийлж цүү хаяж тоглон сарын саруулд шөнө орой болтол бужигнах. Урлагийн бригадын тоглолтыг үзэх гэж тэр хавийн хүүхэд хөгшидгүй хэрээрээ гоёж очих бөгөөд нөгөө радиогоор л дууг нь олонтой сонсдог дуучдыгаа нүдээр үзэж баясаж сууна. Циркийн алиа Данзан Содном хоёрын хошин шог тоглолтыг үзээд инээдээ барж байх.
Сар болгон сумын кино механикч улаан хамар Жагар гуай ирж Ардын элч, Морьтой ч болоосой Сэрэлт зэрэг киногоор үйлчлэнэ. Заримдаа киноны моторын бензин дуусч унтрахад учрыг ойлгосон хүмүүс байдаг л нэг зовлон гээд тэвчээртэй хүлээж киногоо үзэж дуусгаад тарцгаана.
Айлуудын дунд хэрд Тээлийн голын яг тулах эрэг дээр сүүн заводын гэр байх бөгөөд айлууд саалийн үнээдээ ялгаж ирсэн болохоор өөр төрлийн малтай айл энэ хавьд бараг байхгүй ганцхан хар хамар Самдандоржийнх л наадмаас нэлээд өмнө адуугаа авч ирж бууж гүүгээн барьсан болохоор айрагтай айл ганцхан эднийх. Гэрийн эзэн наадамд морь уяж их насны цагаан бор морио унуулж үсэргэх нь над тун таатай сайхан байсан ч
ээж ам хатуутай бүдүүн морь наадамд амаргүй байх шүү гэж аавд үглэсээр болиулж орхисон тул би ээжид айлгаж зуныхаа даалгаврыг хийнэ гээд зурамчилж гарваа тэгээд. Ангийнхаа охидын зурамны арьсны даалгаврыг хөвгүүд нь даадаг болохоор нэрээ бодож миний хийх нэг ажил энэ. Тэр жил Уянгын наадамд хуц Дашдоржийн бага хүү нь бор морийг унаж айрагдсан гэсэн.
Зуны үдийн халуунд тугал бяруу оодогнож гадаа хатаахаар тавьсан тэвштэй ээдэмцрийг татаж унагаачих гээд байдаг болохоор хөөж үргээж бай гээд ээж намайг энэ албанд өдөр өнжихгүй шилбүүр ёзоор бариулан томилох нь ёстой нэг залхуутай.
Нэг өдөр Шийрэв гуайнд манай улсын ерөнхий сайд асан П.Гэндэнгийн охин Цэрэндулам эмч, нөхөр Н.Содномын хамт шив шинэхэн ГАЗ-69 машинтай өвгөнд зорьж ирж золголоо. Өвгөний умгар бор гэрт энэ хэрийн өндөр албаны машин тэрэгтэй зочин ирнэ гэж энэ голынхон бодоогүй биз ээ. Тэд бас манайхаар орж ээж Цэрэндулам эгч хоёр хуучилж өгч билээ. Аав Содном гуайд домогт 16-р морьт хорооныхоо тухай ярьж Дүүдэй л уг нь салаан дарга нь тушаал өгсөн хүн Дашдондогт улсын баатар цол нэхэж олгох ёстой гэдгийг мэдэж байхаар. Хотод Дандартай гэр орон сууц ойр бол намайг ийм юм яриад Ар тээлийн голд аарц ээдэм нухаж сууна гэж дуулгаарай гэж захиж байлаа.
Дараахан нь бас Самдандорж гуайнд хотоос хүмүүс ирж би тэднийхээр оройн саамнаас өмнө чихэр боов горьдож орвоо. Мань хүн аль хэдийнээ морио хантайрчихсан бололтой улаан зээрд амьтан ирсэн зочдын нэгийг дуудаж Бор оо наашаа ир миний дүү ах нь чамд юм хэлье. Манайхан чинь болохоор хүргэн бэрийг хүнд тоолдоггүй дэг жаягтай дээгүүр зиндааны улс юм шүү. Эр хүн нутаг усныхаа нэрээр дуудуулж адууныхаа хэрээр аархаж Арвайн талдаа исгэрч явах сайхан байдгийм. Ах нь энэнийгээ мэднээ. За миний дүү тэгээд ахдаа нуулгүй хэл. Цаад орос заншилтай хадмууд чинь чамд юу өгч байна галуу, нугас, тахиа зааж өгч байна уу. Гадаа шон дээр нь мордоод явчихаар морь мал байна уу. Ахын чинь бор морь сая Уянгын наадамд зуузай татаатай л айрагдлаа. Хашир сайн хүүхдээр унуулсан бол хол айлын зайтай түрүүлэх байлаа. За нэг сум багийн наадам яахав муу ах чинь аймаг улсын наадамд үзнэ шүү. Энэ жил аймгийн наадамд хүрэн хүзүү Дашнямын хүрэн морь их насанд түрүүлсэн гэнэ билээ. Хоёр жилийн өмнө хавчиг үрээ өгөөмрийн хоолойд сунгахад миний энэ бор морийг хол айлын дайтай дагаж байсан юм. Одоо нас гүйцсэн хойно аргагүй байх. Давхиж мэдэх л үрээ байна даа гэж харж л явлаа. Энэ нэг хэдэн өмхий хамрын сүү сааль энэ тэр гээд олигтой морь уях ч зав гарахгүй юм. Уяа сойлго нэгэнт таарсан хойно бол унасан хүүхдийн эрдэм мэдэх хэрэг. Энүүн шиг хоолны савнууд бол одоо моринд хүнддэнэ морь чинь хөвөн зөөлөн тохомтой, хөнгөн чийрэг хүүхэдтэй байж давхидаг адгуус гээд надыг гэр дүүрэн хүмүүсийн дунд ганц шараа болгож орхилоо. Тэгснээ энэ муу улцан Самдан надтай үзэх санаатай нэгдлийн адуучин шүү юм болохоор хүний юмаар хүүдэгнэж явдгийм. Нэгдлийн энэ олонд хурдан байлгүй л яахав. Ер нь тэгээд аль ч үеийн нийгэмчилгээнд малынхаа сорыг аминдаа авч үлдэнэ шүү дээ. Улцангийн хоёр нүд улс нийгмийн түмэн адуунаас хурдныг нь олж танина гэж юу байхав ах чинь харин арай дээр байх шүү. Эхнэр Адилбиш нь ч энэ голдоо цуутай сайхан хүүхэн явлаа. Хааяа би тэднийхээр буухаараа чи очож очиж энэ муу улцантай яаж тоож суусан байх нь вэ? гэж цаадахын чинь шарыг зориуд хусаж асуудгийм. Авгай болгож
авчихаад адуугаа ч манаж хонож чадахгүй явсан удаа бий л байх… гээд үеийнхээ хүүхнүүдтэй үерхэж явсан хөгөө ярьж байж авгайдаа загнуулаад унтаж амрах тушаал авч байж сая нэг нам жим болно. Дараа нь мань хүн эгч Бүжинлхам энэ тэр хүмүүсээс донго зэм хүртсэн үү яасан маргааш нь хусуур сойзоо агсаад агт морьдоо арчилж харагдсан.
Ийнхүү цэн цэнгийн хуртай цэцгийн гурван сартай Ар Тээлийн сүүн завод намар тийшээ нүүж сумын төвөөс дээшихнээ Хүрэмтийн голын эрэг дагуу Сээрийн үзүүрт буудал сэлгэж буулаа. Тээлийн голоос манайхан нүүсэн тэр нэг өглөө би саалийн хэдэн үнээгээ тууж Тээлийн өндөр даваагаар давахад ойр хавийн уул толгод харагдахгүй агаарын будан битүү татаад үүлэн дунд умбаж явахдаа ”Будан татаад униартсан Буурал Хангайн сайхныгээ” гэж өөрийн эрхгүй аялж билээ.
Манай энэ Тарагт сумын Хөдөлмөр нэгдэл Монгол Болгарын найрамдал нэгдэл. Тийм болохоор Болгар улсын зочид төлөөлөгчид хэд хоногоос сүүн заводыг үзэхээр ирэх болсныг мэдэгдэж сум нэгдлийн дарга Рагчаа ухуулга яриа хийж өөрийн биеэр тэр оронд очсоноо ярьж ах дүүгийн барилдлагаатай гадаадын зочдыг баяр хөөртэй угтаж цэвэр цэмцгэр байхыг сануулж тусгай зориулалтын бие засах газрыг айлуудын дунд хэрд газар заан ухуулж хашлага хамгаалалт хийлгээд явсан тэр орой нь нөгөө Самдандорж гуай нэлээд халамцуу давхиж ирээд энэнийг нь харснаа нэг муу хэдэн өөр омгийн шар орос ирж дайраад өнгөрөхийн төлөө юун их ажил удадгийм энэ морь малын хөл авчихаар нүхээ түргэн булж дар гэж хэлээрэй айраг цагаан идээ шингээж чадахгүй байцаа ногооны хоолтой юмнууд бажигдаж түргэн авбал энд орж нуугдах юм биз дээ...гэсээр дэлийг нь сумлан зассан цагаан загалынхаа нуруунд дөрөөн дээрээ босч сумын төв тийш давхиж одохыг нь харахад төрийн сүлдний минь голд мөнхөрсөн морьтон лугаа адил санагдаж билээ.
Манай сум, нэгдэл
Ажнай хурдан хүлгийн домог ард зоны минь дунд ам дамжин улирсан Түмэн-Эхийн тоостой Арвайхээрийн уудам талын цээжинд уул нуруудын хөндий даган шаагин урсах Хүрэмтийн голын хөвөөнд Тарагт сумын төв ардын ардчилсан социалист Монгол Улсын засаг захиргааны шинэ хуулийн дагуу тавиад оны эхээр нарийн өвс ширэлдсэн Жирэмийн Цагаан нурууны ар шил дэх Тарагтын Цагаан зооноос нүүж төвхнөсөн түүхтэй. Иймд одоогийн энэ Туяа багийг ахмад үеийнхэн хуучин Тарагт гэж ярьсан хэвээрээ. Орон даяар нэгдэлжих хөдөлгөөн ид өрнөж эхэлж байсан үед энд Туяа нэгдэл, Хүрэмт талд нь Хөдөлмөр нэгдэл гэж анх байгуулагдаж байгаад хожим Туяа нэгдлийг Хөдөлмөр нэгдэлд нь нэгтгэж нийлүүлсэн юм билээ. Энэ тухай миний аав он сар тогтоол тушаалтай нь над хэлж ярьдаг байсан ч би юу ч тэмдэглэж авч тогтоосон юмгүй үлдэж хоцорсноо олж мэдэхийн тулд одоо мөнгө төлж, цаг зарах хэрэгтэй болжээ. Хангайн сайхан нуруунаас эх авсан Хүрэмтийн сэрүүн тунгалаг гол сумын төвийн хаяагаар уран боргио хаялан шаагих бөгөөд голын өмнө биед Шандны өндөр уул урд зүгт бүхнийг халхлан байх тул түүний зүүн шувтрах үзүүрээр тэртээ холд хөхөмдөг униарт өргөн тал хөндийн тэхий дунд хойноос
урагшаа суниаж тогтсон сүмбэр хөх уул тэнгэрт асаж харагдах нь ар халхын аавын хөвгүүд элгээрээ хэвтэх шахан мацаж элгэн хүрэн асаг хадных нь гишгүүр бүрийг дамжин байж оройд нь гарч өнө мөнхийн настай өрмөл чулуун овоонд нь өөрийн чулууг нэмж, өвдөг сөхрөн мөргөж хийморь нэг сэргэдэг хэзээ дээрээс алдартай Авзага-Хайрхан ард зон олны минь Аав уулын бараа.
Энэ уулын орой дээрх чулуун овооны дэргэдээс эргэн тойрны тэртээх уул, тал толгод хөндий хоолой өртөө холын зайд нэгд нэгэнгүй харагдах агаад өмнө зүгтээ улам хол алсарч тээр хол тэнгэрийн хаяанаа Монгол Алтайн Их Нурууны шувтрах үзүүрийн миний нутгийн Калиманжаоро Зүүн Богд хайрхан уул хөх манхан тэнгэрийн өнгөнд уусан уусан ургаж харагдах нь эндээс зургаан өртөө зайтай билээ. Санааны үзүүрт үзэгдэх төдий сая сая жилийн тэртээх алин галавын уртын урт хугацаанд ургаж боссон энэ өргөн шаргал талын халаагүй харуул хар уулыг миний нутгийн хаяа өлзийтэй түмэн тахиж шүтэн улаан галын бурхад хацар гоотын удам хар нүдэн бүсгүйчүүд нь сүслэн залбирч цай сүүний дээжийг өргөсөөр өдий хүрчээ. Уудам саруул талын дундаас алгуурхан өргөгдсөн хажуу ар өвөр бэлээр нь ургасан өвс ногоо өтгөн сахлаг учир энэ хавийн айл хотлын адуу мал энэ уулын эргэн тойрон тайван налайж бэлчээрлэнэ. Авирч хүрэхийн аргагүй эгц өндөр элгэн хад зуу зуун жилийн зуны наранд улайдан шарагдсаар элгэн хүрэн өнгийг хэдийнээ олж энгэр өвөр нөмөртөө Дуутын дулаан бууц өвөлжөөг өнгийж хажуу зүүн сугандаа Горт мухарын улбаат гархин буйрыг түүх болгон хадгалжээ.
Тэртээ хол Төгрөгийн говийн Хотгорын урт хоолойгоос энэ уулын дээд бие бүхэлдээ нутгийн намхан уулсын дээгүүр тугны зэв шиг гурвалжлан хөхөрч сүмбэрлэн харагдах нь говийн бөмбөгөр оройт намхан уул толгодыг аварга бөхтэй өрж зогссон амны хүүхэд шиг санагдуулна. Энэ уулын өвөр бэлд асага хад чулуун доороос ундарч гарсан Хадан Усны булаг бий. Хайрхан ууландаа нутгийн айлууд төдийлөн ойр буухгүй хаяа бэл арыг нь дагаж нүүж бууж нутаглана. Харин нэг хоёрхон айл малын амны устай энэ булгийн ойр урд арын дэнжид зусч өвөлдөө өвөр нөмөр доор нь байх Дуутын дулаан бууцанд тухлана. Хүний мэдээ орсон балчирхан бага насанд минь миний эмэг Хорлоо нэг өдөр хонин тогоо дүүрэн хөөрүүлсэн сүүнээсээ дээж авч намайг дагуулан гарч Хайрхан ууландаа есөн нүдтэй мөнгөн халбагаараа цацруулан байж өргөхдөө зүүн гараа дээш өргөж наманчлаад энэ уулын зүүн суганд байх” Горт Мухар”-ын өвөлжөөнд эмээ нь төрсөн юм гэнэ билээ гэж надыг тоож хэлснийг марталгүй явсаар би өдий хүрчээ. Тийм болохоор өндөр өвгийн өвөлжөө бууцтай эмэг эхийн тоонот оршсон энэ Хайрхан Уул миний уулаа. Би энэ уулаа хүний газраас зүүдлэж хонодог, дэлхийн нөгөө бөөрнөөс дэндүү их санаж энгүй хол алсаас ижий аавдаа зорьж ирэхдээ орой нь шоволзох барааг нь холоос самсаа шархируулан өндөлзөн байж харж нэг санаа амарч уушиг цээжиндээ уртын урт амьсгаа татдагдаа.
Миний өсөж төрсөн өлгий өгөөж баян нутагт минь Тарагтын Цагаан Зоо гэж нүд чилээсэн цайдам уудам хөндий бий. Жирэмийн Цагаан Нуруу гэж нүүдэл хөвөрсөн уртын урт хэц бий. Өндөр дээд өвөг дээдэс, эцэг, эх, элгэн садан минь энэ нутгийн хөрст бор газрын шимийг хүртэж нутаг усныхаа хаяа өлзийтэй түмнийхээ дунд айл саахалтын бараатай олон жил нүүдэллэж дөрвөн цагийн аясыг даган таван эрдэнэ сүрэг малаа адуулан нүүж, бууж суун өчнөөн үеийг элээсэн бөгөөд үлдэж хоцорсон үр хойч өнөөгийн бид нар голомтыг нь залгаж өрх өсгөж сум сунгаж яваа билээ. Миний нутгийн аги гангын
үнэр анхилуун, таана хүмүүлийн шим арвин, тараг айраг нь гөхүүр дүүрэн, таван усны нэрмэл нь ч чанга, талын айлын уяан дээр унаа морьд дүүрэн. Миний өвдгөө цоортол өтөг бууцанд нь мөлхөж боссон Өнц, Хараатын өвөлжөө бууцны хойт оно дээрээс Туяа бригадын төв цавцайн цайрч голын баруун дэнжийн хэдэн хөх модон байшингууд л харин миний өрж тоглодог чулуун тоглоом шиг жирийж харагдана. Өвөлжөөг нөмөрлөсөн баруун зүүн бөмбөгөр толгодын оройгоос хавийн эргэн тойрны бараа урд зүгтээ Жирэмийн Их, Бага Овоо, Хөөврийн хөх нуруу ив илхэн тодорч үзэгдэнэ. Эндхийн задгай ус баян бүрдийг тойрон олон айл хотын өвөлжөө, хаваржаа бараа бараагаа харуулдан байх тул хаврын дулаан өдөр үдийн цайны цагаар гэрт халууцахын эрхээр ээж гэрийн хаалгаа дэлгэхээр манай гэрийн үүдээр Их Овооны баруун хормойд байх Халтар гуайн хаваржаа, цаана нь тэртээ алсын Бага Богд уул Хөөврийн хөх нуруун дээгүүр тэнгэрийн өнгөөр үл мэдэгхэн ялгарч харагдах нь бас л сонин.
Хүүхэд насны дурсамж
Тэр нэгэн жил 1957 онд манайх Хараатын бууцанд өвөлжиж байсан цаг. Ижий намайг хонь бэлчээрт гарсан хойно хотны ноос түү гэж хороонд намайг орхиод явтал удалгүй хорооны дээд талын хөрнүүд аяандаа гулсаж унаад ирэхээр нь буцааж өрөөд зогсож байтал ээж дүүг тэврэн гэрээс гарч ирээд алив наашаа бушуу гэж дуудаж гараас хөтлөөд газрын өөд алхаж явахад гэрийн зүүн хамрын хажууд овоолсон аргал нурж бас машин ирж яваа дуу гарч байлаа. Ээж Ээ бурхан минь газар хөдөлж байна гээд газар сууж газрын дээрээс харвал гэр тэр аяараа нэвсэлзэн нэг хэсэг хөдөлж байснаа зүгээр болж дүү бид гурав гаднаа хүлээж айлын хүмүүс дуу болж шуугицгаан цаад хамар өөдөө яргаж дахин машины дуу гарахыг хүлээж суулаа. Энэ үед би баруун хамар дээрээ гүйж гарч машин хаана явааг харах гэж болж байсан ч энэ нь газар хөдөлсний их нүргээнт чимээ болохыг нь тэр үед би үнэмшихгүй л байсан.
Удалгүй хойт хөтлийн цаанаас аав том шарга мориороо цас манаруулан давхиж ирэхийг хараад миний айдас сая нэг үргэж ээж газрын уруу өнхөрч холдсон аргандаа нурж унасан аргалаа хийж аав бид хоёр хашаа хороогоо сэлбэж, гэр хотныхоо гадуур эргэн тойронд цувуулж өрсөн тэгнийхээ чулууг цэгцлэж засах ажилтай болов. Тэр өдөр ээжийн нагац ах Батгаа (жинхэнэ нэр нь Батмөнх) хонинд яваад орой ирэхэд нь Танд хонин дээр юм мэдэгдэв үү гэхэд яаж байгаа юм мэдэхгүй золиг жаахан нарлаад хэвтэж байтал бие гэнэтхэн чичрээд унахаар нь за одоо л нөгөө үхэх нь болж байна даа гэж бодоод амандаа хэдэн маань хэлээд залбирч хэвтээд ашгүй нэг гайгүй болохоор нь аяархан өндийж хартал хонь үргэсэн бололтой байхаар нь боохой бодогдоод чөдөртэй морь руугаа гүйж очоод харвал тийм бололтой юм үзэгдсэнгүй хонь жаахан холдоод тайван бэлчээд идэж байна. Энүүгээр юм дуулдаагүй биз гэжээ. Ээж түүнд юу болоод өнгөрснийг хэлсэн гэдэг. Ингэж би Их Богд уулын газар хөдлөлтийг хөвүүн жаахан биеэрээ мэдэрсэн юмдаа. Хүүхэд ахуй цагт үзэж харсан бүхэн хэн хүний сэтгэлд хамгийн тод үлдэж хоцордог юмуудаа. Олон жилийн дараа одоо эргээд санахад өвөлжөө бууцны эргэн тойронд өргөн дэлхий цасан дуулгаа нөмөрсөн өвөл цагийн тэс хөлдсөн газар шороог уул хад ус мөрөнтэй нь шилгээж байсан тэр нэг өдөр аав ээжийн оёсон үлээх төдий салхинд үс нь бутарсан улаан сортой үнэгэн лоовууз хөндлөн тавиад өнжмөл дэлтэй бор шарга мориороо цас манаруулан давхиж ирээд гаднаа буухад морины халуун амьсгаа уур савсуулан халуу дүүгэж ховил татсан ар хондлой булайн түхэлзэх хэнхэтэг цээжинд нь цан татан молцоглож байсныг эргэн санахад элээж
өнгөрүүлсэн далан жилийн минь өдөр хоногийг арагш нь ухрааж өнөөдрийн өдөрт эргүүлээд ирсэн мэт санагдах л юмдаа. Урьдын түүхийг уншиж суухад “Уул доргихгүй, ус цалгихгүй уудам газар нутгийг үр хойч та нарт үлдээлээ” гэж тэр нэгэн цагт Их Эзэн Богд Чингэс хаан гэрээслэж хэлсэн байдгийм билээ.
Малчин ахуй, ёс заншил
Хавар хаврын хонь мал төллөх цагаар хүүхэд үүхэдгүй их ажилтай. Уургандаа цадсан ишиг хурга хотоо тойрон дэжигнэн үсэрч харайн бужигнаж тоглохыг харах, хавар ногооноор тэднийг хариулан маллаж зугаацаж явах минь над жаргал байсан. Жил жилийн зун манайхан өртөө илүү хол өөд нүүж зусландаа бууж сүүн заводад сүүгээ зөөнө. Арвайн талын Ар Зодох, Хүрэмтийн гол, Сээрийн Үзүүр, Ар Тээлд сүүн завод бууна. Саалийн үнээгээ ялгаад айлууд сүүн заводад эгнэж өглөө оройд үнээ малын зэлэнд би ээжийн командаар хэдэн ууган тугал боолтрогтой хүч үзнэ. Ах нар аймгийн наадамд морь уяж ашгүй нэг хонины хишгээс чөлөөтэй болно. Үе тэнгийн хэдтэйгээ өгөө аваатай уралдаж өргөн талын чөлөөнд хурдан шандаст хүлэг морины нуруунд дарцаглаж явахын хийморь сэргээсэн сайхныг миний Монголоос өөр үндэстэн ястны хүүхдүүд үзсэн нь үгүй биз ээ. Уул толгодын өвөр ээвэр энгэрийн цас ов товхон цоохортон сэмэрч урийн түрүү ирэхэд нөмөр дулаан өвөлжөө бууцаа айлууд орхин нүүж хаваржаандаа бууж малчны хотонд шинэ төлийн дуу цангинаж шувууд жиргэсэн цэлмэг сайхан өглөөний агаарыг цээж дүүрэн татахад сэтгэл аяндаа сэргэж оршин байгаа орон дэлхийгээ онож төрсөндөө олзуурхаж хайрлан хамгаалах ухааныг алив хүмүүнд улам улам төрүүлдэг ажгуу. Цагийн урин наашлахын хэрээр мяралжсан зэрэглээ татаад ирдэг нь манай нутгийн цэнхэр хавар аа. Нуур шиг цэнхэр зэрэглээнд нь уулс тасран хөвж нутгийн айлуудын бараа гандирсын хотонд хувираад нүүгээд ирэхийг нь хүлээж цай идээтэй тосож нуугаад байж чадахгүй хонины бэлчээрт болзож үгээн хэлж чадахгүй үйлээн барж явсан үеийн хонгор бүсгүй нь айлын бэр болсныг ах нарын зарим нь дуулаад агсам тавьсан дуулдах миний нутгийн хавар аа. Хавартаа хийдэг ажлын нэг бол эр сур элдэж боловсруулах ажил. Өвлийн идшинд хэрэглэсэн бод малын ширийг нарийн зүсэж өвлийн ид хүйтэнд гадаа тавьж хөлдөөж өглөө үүрийн жавраар үсийг хусч цэвэрлээд гэр хорооны сүүдэрт цасанд булаад хавар гаргаж өтөг бууцны чийхуурт булж чийг авахуулаад татлаганы хэмжээгээр 10-12 алдаар тасалж алд дэлэм урт гурван шургааг модоор дүүжлүүр хийгээд түүндээ сураар багласан тээрмийн хүнд чулуу зүүж эрчлүүрдэн эргүүлж өөр нэг нарийн шургаагаар гогцоолдож зүүсэн элдүүрийнхээ зүсмэлийг дээш доош эрч оруулж халж бүлээстэл нь олон зуу дарж зөөлрүүлж аваад өөхөн тосоор тосолж дахин тээрэмдэж чийгийг нь гартал элдэж зөөлрүүлнэ. Нэг нас гүйцсэн эр үхрийн ширээр сур хийхэд адаглаад арав хоног шаардана. Энэ тийм ч амархан ажил бишээ. Элдэж зөөлрүүлсэн эр хар сур гэдэг чинь ээдээ мөн бөх эд шүү дээ. Ачаа тэнгийн татлага, адуу малын аргамжаа, холбоо хийж хазаар ногт чөдөр зангидна. Энэ бол удам залгасан малчны уйгагүй оролдож урлаж заавал сурах эрхэм чухал үүрэгт ажлын нэг юмаа. Хаврын тэргүүн сарын Шинийн Нэгэн хамгийн сайхан баяр. Марал гурван цасыг тотгон дээрээ өрөөд малчны дулаан хотонд шинийн нэгний өглөө зүгээ гаргаж овоогоо тахиад өглөөний нар өрх гэрийн тоононд тусах цагаар За Дааг далантай, Бяруу булчинтай, Тором бөхтэй, Төлөг сүүлтэй, Ишиг эвэртэй, Өнө тавиун Өег цатгалан Он цагт тарган оров уу? гэж ерөөл хэлж золгох нь яахын аргагүй яруу сайхан уянгатай. Унаа морьдоо мөнгөн эмээл хазаараар гоёж, хэт бэл, хутгаа зүүсэн миний нутгийн ах нар төө цагаан гаанс, ягаан
шүрэн толгойтой атга дүүрэн халтар манан хөөрөг зөрүүлж ахмад настан өтөл буурал өвгөд эмгэдийнхээ тохойг өргөж амрыг нь эрж золгоно.
Нутгийн айлууд, нэгдлийн амьдрал
Миний өсөж төрсөн өлгий нутаг бол хуучин Тарагт одоогийн Туяа бригадын ойр орчмын таван эрдэнэ сүргийн бэлчээр өргөн тал хөндий, намхан бөмбөгөр уул толгодын энгэр бэлээс ундран бургилах малын амны устай булаг шанд, хужиртай тойром. Уудам тэнүүн нутагтаа ус бэлчээрээ даган нүүж дөрвөн цагийг ээлжлүүлэн байж өвөг дээдсийнхээ голомтыг бадрааж өдийг хүрсэн миний нутгийн хаяа өлзийтэй түмэн уул усаа эзэгнэн сууж улирах цагийн эрхээр өтгөс буурлууд нь мөнх бусыг дагаж өнөөгийн бидэнд халаагаа өгсөн ч өвөлжөө бууцыг нь тэднийхээ нэрээр дуудсаар байдгаа. Тарагтын голын эхэнд Сономпэл өвгөний өвөлжөө бууц, Дугуйн Шанданд таглаа Дамбын намаржаа, Ундайн Хүрэнд Довчинбавуугийнхны хот айл, Ногоон Хөвийн Хөндлөнд Буянтогтох, Одын суурь, Улаан-Ламын голд Гүчир Оригийн Суурин Гацаа, Эргэн-Усны хавьд Дамбын Оригийнхны хот, Ондилт, Шаварт, Бүрдээр тарган Тойтог, Түгжжамбынхны айлууд, Хар-Адуун Дөрөлжинд Гонжин өвгөний хүүхдүүд, Шар-Чулууны нуруунд Барын хэдэн хөвгүүд, Хайрханы бэл Хадан-Усны хавиар Улаан, Зузаан Оригийнхон, Хиа-Тайж дагуудаа, Хилэнгийн Хадат тэгүүлээд баян Бандаг, Дашийн Цэрэндоржийн нутаг, Хотгор Сөртөд Хар Дорж, Гэлэн тэргүүтэн, Ар бөөрөг, Чулуут тийшээгээ ардын нэгдлийн адуучин Балбарын Самдан, Цэдэвийн адуу малын бэлчээр, Адаг түрүүнд майг Шандан хүүгийнтэйгээ айл, Ар-Булаштад Самданноровынх ганц гэр, Чин-Хиагийн нуур тойроод Гончигдорж, Тоомой, дүмбээ Дорж, бураа Жанчив айл саахалт, Дугарын Шовход Содоо өвгөн хоёр хүүтэйгээ, Дуутын өвөлжөөг Дангины Сүх дангаараа эзэгнэн, Сахилдагтайн Хадатад Батгаа өвгөнийх, Саарийн Худагт Агчвын Халтарынх, Өвөр Цохиотод манжаа Самдангийнх, Олон Худагт Гүрийнх, Жирмийн Усанд өндөр Жадамбаа, анчин Гончиг-Ориг, Цагаан хөвд Ваанчигийн Доржийнх, цаахан нь тэгээд улаан Жамцайнх, Даравгай, Могой, Мазарт дарваан Ориг, Юндэн-Равдан, Тарагтын Зоонд Шийрэв-Чогдон, Паньдтүндэвийн Дашдорж өвгөнийх, бригадын төвд багийн дарга Хасын Аюур, халзан Найдан, Зэвгээ, Жанчивын Сүхбаатар, барилгачин Бадиа, Ёндонловдон, Цэдэнжамцаа, хүний эмч Гочоогийн Долгор, малын санитар Ёндонпэрэнлэй, клубын эрхлэгч Цэвээндаш, дэлгүүрийн худалдагч Нямсүрэн, хоршооны нярав Лүндэгийн Цоодол, ХЗЭ-ийн үүрийн дарга Намсрай нарын өрх гэрүүд хуучин Тарагтын ул суурин дээр үлдсэн хэдэн хөх модон байшингийн нөмөрт эгнэн байна. Манай улсад социалист нийгмийн бүтээн байгуулалт ид эхэлж, атар газрыг эзэмших, ардын аж ахуйтныг нийтээр хоршооллох хөдөлгөөн өрнөж байсан тэр үед энд социалист хөдөлмөрийн төлөө бригад байгуулагдаж бригадын төвд Улаан булан, дөрвөн айлын боловсон орон сууц барих их ажил ундарч бригадын зүүн урд дэнжид Бадиа гуай шохойн чулуу шатаах баюу шавар зуух шинээр барьж Уулын нуруунаас ухаж гаргасан байгалийн шохойн чулууг түлээ модоор галдан шатааж барилгын түүхий шохой гарган авч түүнээ том төмөр поошигт хийж дээр нь усаар дүүргэхэд уур гаран пор пор буцалж түүнийг нь үзсэн миний мэтийн хэд саваагүйтэн хуруугаа дүрээд авахад хав халуун байсан шүү. Дараа нь би аймгийн төвийн 10 жилийн сургуульд гавьяат багш Ш.Сүхбатаар химийн ухаан заалгаж байхдаа энэ урвалын химийн томъёог бичээд энд ямар үзэгдэл болох вэ? гэхэд нь би бусдаас түрүүлэн халуун болно багшаа хэмээн онгирч Онц авч билээ. Дараа жил нь айл амьтнаас нийгэмчилж авсан
нэгдлийн хэдэн тэмээ хамуурч түүнийг нь ариутгаж арилгахаар Бадиа, Ёндонловдон тэргүүтэй барилгачид тэмээ утах гааз хаймерыг Тарагтын голын урдах тэгш тавиун урт зоон дээр Баруун Дэнжийн урд нэлээд хол зайтай машин замын салхин доор барьж хамуутай тэмээдийг оруулж хүхэр шатаан утаж эрүүлжүүлсний дараа жил Самданноров гуай Ширээ тэмээдийн эзэн” гэж Хөдөлмөрийн Төлөө сонинд гарсан гэж дуулдсан. Дахиад л химийн хичээлд хүхрийн тухай асуухад нь энэ тухай хэлж том КО КО авч билээ. Уртын ноосны улсын төлөвлөгөө биелүүлэх хонь бүрээс 1кг 200 грамм уртын ноосыг наадмын өмнө авч тушаах ажилд аав, Найдан гуай, Аюур дарга гурав айлаар явсаар арай гэж хугацаанд нь нэг юм шувтлана. Наадмын дараа хонь, ямаа хэрлийнд угаах мал угаах их ажилтай болно. Эхлээд хонь багтах хэмжээтэй нэг метр хэрийн гүнтэй хэдэн нүх ухаж дотор нь бэржээнхэн уут хийж усаар дүүргээд дээр нь хэрлийнээ нэмж хутгаж сүүтэй цайны өнгөтэй болгоод ноосыг нь авсан шалдан хонидоо нэг нэгээр нь дөрвөн хөлнөөс нь барьж гэдсийг нь далд ортол дүрж угаагаад босгож тавина. Тэгээд түргэн хөөж холдуулахгүй бол шилгээж усаа сэгсрээд нүүр ам уруу цацах гэмтэй. Зуны халуунд ийм маягаар олон зуун хонь угаах тийм амар ажил биш тул өөр арга сийлж томоо усан сан байгуулаад түүн дундуураа шахаж тууж оруулан хөвүүлж гаргадаг болсноор энэ хэцүү ажил их амар болж билээ. Угаалгын дараа хонь мал хачиг хувалзнаасаа салж сайхан тэвээрдэгсэн. Харин ирж буух зочин гийчинд гаргаж өгөхийгөө угаалганд явуулалгүй ялгаж үлдээдэг байсан. Намар тийшээ төлөг, хурга, зусаг ялгах ажил залгана. Намаржингаа тогоо нэрж айл саахалтын шинэ гэр, бэрийн найраа өндөрлүүлж жаахан амсхийж аваад таана хагдрахын цагт өвөлжөөгөө татан нүүцгээнэ. Өнөө гарын доор ажилд гавшгай хэдэн хүүхдүүд нь сургуульдаа яваад өгөхөөр өрхийн тэргүүн өөрөө хониндоо явж айлын авгай аргаа үүрч аргалаа түүгээд түмэн завгүй болно. Зарим жилийн таана хэнзэрсэн урт намар говь хээр талын айл шиг жаргалтай нь үгүй. Хонь мал хотолсон үдэш оройн анир дарсан нам гүмд хотны нохой хүртэл чимээ гаргахгүй ойр хавьд орчлон тэр аяараа амар тайван. Тийм хүний сэтгэлийг тайтгаруулж амраасан бурхан бумбын өөр газар орныг хаа холын Номхон Дөлгөөн гадаад их далайн торгон хүйс Хавайн цуутай арлын эргээр эрээд олоогүй юм шүү би. Намар орой өвс нэгэнтээ шарласан хойно үе тэнгийн хөвгүүдтэйгээ малын бэлчээрт уулзаад морио хантайрч орхиод амандаа өвс зууж тэнгэр харж амарч хэвтэх шиг тэнүүн жаргалтай мөч тэр болгон дахиж тохиодоггүй юм байнаа. Энэ бол миний хүн болж хүмүүжсэн монгол ахуй, амин зуулгаа залгуулсан ардын аж ахуйн амьдралын алтан харгуй жим зам аргагүй л мөн юмдаа. Ахуй нутагтаа амьдарч асан өвгөдийн маань хийж бүтээсэн ул мөр балраагүй, барьж босгосон байшин сав, саравч хороог нь одоо болтол тордож засаж ашигласаар л байгаа. Тэр үеийн байшин барилгыг уул толгодоос ухаж түүж гүүплэж хураасан чулуугаар өрж шавардаж шохойдоод, дүнз модоор дам нуруу тавьж шувуу нуруу хийгээд гөлмөн төмрөөр дээвэрлэж босгосон ногоон оройтой цагаан байшингууд Жирэмийн цагаан нурууны Хараатын хөтлөөс хэдэн бөмбөгөр гэрүүдийн дунд тодрон харагдах нь олон хонин дунд хэдэн цагаан бор адуу байх шиг цайран үзэгдээд удалгүй нар улам улам дээшлэхийн хэрээр явган зэрэглээнд умбаж газар дэлхийгээс тасарсан гандирсын хот болж хувирдагсан. Хуучны байшин савыг нь дүнз модоор яс модыг нь зангидаж шургаагаар ханыг нь хийж гадна доторгүй шавардаж шохойдсон хийцтэй хуучин хүн, мал эмнэлгийн байр, сумын контор, дэлгүүр бусад агуулах сав бүгд нэг
маягийн хэлбэр хэмжээтэй харин айл амьтны модон хөх байшингууд өөр өөрийн хэмжээ донжтой зарим нь бүүр суух зориулалттай сараалжтай модон цонх нээлхийтэй зуны өдөр наранд халахааргүй зузаан давхар банзан дээвэртэйн дээр хажуу хавирганд нь нааж шургааг модоор барьсан шавар дээвэртэй намхан жижиг тавдангууд нь зун намартаа айл хунарын эсгий даврага бүрээс бусад улирлын чанартай хэрэглэдэг эд юмсыг хадгалах зориулалттай байлаа. Аймгийн төвийн аль ч суманд байхгүй нэгэн сонин хийцтэй нь дэлгүүрийн байшингийн дэргэдэх том хөх модон гэр. Яг л монгол гэрийн хийцтэй голдоо дөрвөн бүдүүн баганатай хоёр таван ханатай гэрийн хэмжээний голчтой өвч модон хийцтэй давхар хаалгатай гэр байлаа. Ээжийгээ дэлгүүрийн худалдагч хийж байхад энэ модон гэр агуулахад байх хураалтай барааг тоолоход нь тусалж явлаа. Урд Ховд, Богд, Гучин-УС сумдын шуудан ирж зогсоход хүмүүс энэ модон гэрийг ихэд сонирхон бууж ирж үздэг байв. Хадлангийн машины хашаанд хос моринд хөлөлдөг өвсний хадуур, морин тармуур тэргүүтэн өрөөстэй байх нь энэ суурингийн хүүхэд багачуудын тоглоом болж хүүхдийн парк цэнгүүний газрын үүргийг давхар гүйцэтгэнэ. Хоршооны манаач үүнийг нь давхар хариуцдаг тул хааяа ирж худлаа сүр үзүүлж айлгаж хөөж тараавал парк хэдэн өдөртөө нам гүм байгаад дахин ажиллаж эхэлнэ. Өөр нэг зугаацах таатай газар нь намар өвөлдөө өвсний хашаа байна. Пэрээсэлсэн өвснүүдээр нь нуувч хийгээд байлдаж гарна, бас хажуугийн сул нуруулдсан өвсөнд шигдэж нуугдахад шинэ өвсний шим үнэртээд нэн таатай. Манаач өвгөний бараанаар манай цэргүүд зүг буруулан зугтаж тарцгаана. Ийм торгон цэргүүдийн ахлах түрүүч нь Найдангийн Даваа, бага түрүүч нь Гочоогийн Цэвэлмаа Байлдагч З.Базаррагчаа, С.Төмөрбаатар, С. Баттогтох, Т.Даваадорж, Н.Гантөмөр шинэ цэрэг Т.Бэдрүүш, Ц.Батмөнх, Г. Тогоонтөмөр, Д.Бямбаа, Ш.Цэрэндондов нар болой. Бид дундаас хамгийн авьяастай нь Цэвэлмаа. Тэр сургуульд орохоос өмнө уншиж чаддаг байсан. Тэгээд бид нарт С.Маршакийн “ Муурын байшин “ үлгэрийг уншиж өгдөг байлаа. Түүнийг Гочоо жолооч дүү эмч Долгортоо өргүүлсэн тул тэр Солийн Цоодол гуайнд танхил өсч торнисон нь хожим аймгийн атаман болоход нь дөхөм болсон байх талтай. Өөрөөр бол түүний өмнө эрдэм боловсролын өргөн зам нээлттэй байсан.
Нутгийн бахархалт хүмүүс
Нутаг усныхаа зон олны эрүүл энхийн манаанд олон жил мятралгүй зүтгэсэн түрүү үеийн эмч Гочоогийн Долгор, сүүлхэн үеийн эмч Түдэвдоржийн Цэрэндолгор нараа үе үеийн хүмүүс нь үргэлж санан дурсаж суух юмдаа. Эмч Долгорыг манайхан бусдаас нь ялгаж түүний төрсөн ах Гочоогоор нь овоглон дууддаг байсан. Манай эндээс жараад онд багийн дарга Хасын Аюур, далаад онд миний авга ах аймгийн 15-р баазын жолооч Гонжингийн Пүрэвдорж, сүүлд ерээд онд малын эмч Цэдэндагинын Төмөр-Очир АИХ-ын депутатаар тус тус сонгогдож депутат Төмөр-Очир ардчилсан шинэ үндсэн хуулиа ус нутгийн зон олноо төлөөлөн гар өргөн баталж байлаа. Миний энэ өсөж төрсөн хонхор хотгороос МАХН-ын 18-р Их хурлын төлөөлөгч малчин Тогтохын Чогзол, ахмад эрдэмтэн эдийн засагч Намдагийн Чулуундорж, эдийн засгийн ухааны доктор Цэрэнпил, түүхч Сэмчигийн Ичинноров, төрийн шагналт зохиолч Донровын Намдаг, Онц бүрэн эрхэт элчин сайд түүхийн ухааны доктор Тойтогийн Төмөрхүлэг, Техникийн ухааны доктор, профессор Зэвгээгийн Базаррагчаа нарын зэрэг олон эрдэмтэд төрөн гарсны гадна БНМАУ-ын Хөдөлмөрийн Баатар Дамбын Шарав, гавьяат тээвэрчин Гонжингийн Пүрэвдорж, гавьяат
Багш Гэлэг, Халтарын Тавхай, Цоодолын Амгалан, Бадарчийн Баатар, Хүний гавьяат эмч Лонжидын Буниамаа нар цөм энэ л тойром бүрд усныхаан. Нутаг усныхаа нэрийг цол гуншингийнхаа өмнө дандаа өргөн дуудуулж яваа бөх хүү Улсын Начин Батмөнхийн Сангисүрэндээ арслан заан болохыг ерөөж хүлээж суудгиймдаа нутгийн зон олон чинь. Үүний өвөө миний аавын анд манайхан түүнийг “ухаа лам” хэмээн цоллон дууддаг Цэдэнжамцаа гуай энэ бөх ач хүүгээсээ илүү биеэрхүү том хүн байсан шүү. Манай нутагт Арвайхээрийн Баньди арслан, заан Цоодол зэрэг цуутай бөхийн удам тасраагүй. Улсын заан Галсанвандангийн Цоодол гэж том биетэй мөн ч сайхан эр байсан шүү айлд зэрэгцээд суухад би өвдөгтэй нь чацуу байсан юм гэж уяач Түдэвваанчиг гуай ярьж билээ. Бас улсын наадам үзсэн хүмүүс энэ Арвайхээрийн Баньди арслан чинь чихээ хүртэл мэхтэй юм байна та минээ гэж гайхан ярьж байсны учир нь тонгойж хоёр гараараа өвдгөн дээрээ алгадаад урагшаа давхраараа хөнтрөөд ардаа алдсан бөхийнхөө дээр нь гэдэргээ хараад давж байсан гэдэг. Чойндонгийн Отгийв өвгөний гэргийн төрсөн ах улсын арслан Гялдангийн Цоодол гуай жилдээ нэг тэднийхээр ирнэ. Манайхны хүргэн ах улсын заан монхор Самдан аавын үеэл Аюуш эгчийн хамт хэдэн хүүхдээ бүгдийг нь дагуулсаар миний Хорлоо эмээд жил бүрийн зун ирж золгоно. Манай гол усаар бөхийн бараа тасрахгүй ээ. Эх оронч олон хөвгүүд эр цэргийн албаа нэр төртэй хааж ирсэн тухайд эхэнд нь Гарамгай Эх Оронч Гомбосүрэнгийн Дашдондогоо бахархан дурсах учиртай. Миний аав ярихдаа 1941 зун би Аюуш, Дашдондог хоёртойгоо хамт аймгийн захиргааны үүднээс одоогийн Аюуш баатрын хөшөө байгаа газраас цэрэгт мордож байлаа. Баян Зүмбынх цэргийн уяа хийж байсан бас Цэдэнсамба, Халтарын Дамдин оны цэргүүд чөлөөлөх дайнд яваад би бага дарга учир нэг жилийн дараа халагдаж ирж байсийм, Дашдондог бол Аюушийн адил баатар гавьяа байгуулж японтой эцсийн сумаан дуустал тулалдаж ангидаа ашигтай байр эзлэх боломж олгож тэднээ хамгаалсан юм шүү дээ” гэж түүнээ дурсан ярьж билээ. Намын үүрийн дарга халзан Найдан Цусан гавьяаны улаан тугийн одонтой, ахмад багш Гонжингийн Сүх, Жовдоогийн Цоодол нар Халхын Голд тулалдаж явсан бахдам түүхтэй хүмүүс байлаа.
Энгэртээ ганц ч гялайх одон тэмдэггүй хэрнээ нутгийн зон олондоо хүндлэгдсэн хүнийхээ номоор бурхны судар шиг ахмад буурлууд олон бий. Ардын нэгдлийн анхны гишүүн малчин Дорж, лам Паньдлхүндэвийн Дашдорж, ажаа өвгөн Цэрэнсоном, аагаа өвгөн Цэгмид гавж, Батгаа хэмээх Ч. Батмөнх, өндөр наст Содоо, Д. Шийрэвчогдон, өндөр Гонжин, харчин Тогтох, Бямбасүрэн, тариачин Норов, таглаа Дамба, өөжөө Цэрэндорж, гээд дараагийн үе рүүгээ хөврөөд ирнэ дээ. Довууч, Гүрь, Тоомой, тарган Тойтог гээд уяж сойсон мориндоо удам залгасан ач, зээгээ өргөж мордуулчихаад хүү бэрдээ хүлгийнхээ дөмгөөс хуарлуулж унуулчихаад улсын наадмыг тоож очдоггүй уул усаа ээлжгүй сахин унага татаж, радио сонссон шиг халтар манан хөөргөөн илж хамрын тамхиа хааяа нэг сорсон шиг суудаг амгалан хэдэн өвгөд байлаа. Тэгээд Дамбын Ориг, улаан, зузаан, хуймаг Оригууд зун намрын цагтаа дэндүү тэнүүн жаргалтай даа. Хээтэй торгон дээлийнхээ дан хаваасыг тасартал гунхсан сайхан бүсгүйчүүд Чулууны Пагам, Доржийн Шоовдор, Шандангийн Жаргал, Чанцал, Отгийвын Хорлоо, Жаахан Долгор эдний хэн нь ч гаднын хошуунд тоож бэр болж очоогүй юмдаа. Ингээд эдний минь дараагийн үе дундуурыг нь дүүргэж дутууг нь гүйцээж тэнүүн жаргалант нутаг усандаа өрх өсгөж сум сунгаж явна даа.
Ахмад дайчин Гонжингийн Зэвгээгийн дурсамж
Тэртээ 1942 онд би Л.Аюуш, Г.Дашдондог нарынхаа хамт Аймгийн Захиргааны Үүднээс анх ардын цэрэгт мордож байлаа. Тэр үед баян Зумбынх цэргийн уяа хийж тэдний агтнаас унаа морио барьж байлаа. Улаан Хуарангийн цэргийн ангид жил болоод анги Баян Түмэнд шилжиж байрласан. Эндээс Тамсагийн 6-р дивизийн 16-р морьт хороонд хуваарилагдаж Дандар баатрын команд доор явж Молцог элсийг туулж, Их Хянганы уулсыг давж Хятадын Их Цагаан Хэрэмд хүрч байлдаж Японы бүхэл бүтэн ангийг буулгаж авч байлаа. Хамгийн хэцүү хүнд үе бол Хянганы бартаат ууланд нуугдсан дайсантай тулах амаргүй байсан. Өдөржин шөнөжин халуун бороо шаагина, шөнө гэнэт хажуугаас дайсан галлана, цахилгаан цахихад эргэн тойрон ил тод харагдана амаргүй байсан шүү тэр 1945 оны намар. Намаржингаа морин дээр тайлаагүй өмссөн цэрэг цамцны энгэрийн карманд үлдсэн монгол гурван төгрөгийн ногоон өнгө халуун бороонд нэвт угаагдаад цагаан болсныг дайнаас ирснийхээ дараахан халуун усанд орж цэрэг цамцаа угаахдаа олж үзэж билээ. Өвөр Монголын өргөн уудам нутгийг туулахад айл мал нь эзэнгүй хүмүүс нь дайны хөлөөс дайжиж зугтаад явчихсан нутаг ус бэлчээр гэдэг нь сайхан адуу мал нь тарган агт сэлбэхэд хэрэг болсон. Ер нь ямар ч ааштай догшин адууг тачанканд хоёр сургасан морины дунд хийгээд жавхраахад хэд тонгочоод л цэргийн албанд зүтгэж гарна шүү дээ. Миний моринд гайгүйг мэдээд Дандар цэргийн агтанд томилсон тул цэргийн агт хариуцсан бага дарга байлаа. Дандар тэр Тамбовын морин цэргийн сургуулиас их юм сурч ирсэн хүн байсан. Газар земянкны үүдэнд давхиж очоод мөргөчихөв үү гэтэл тэв хийгээд бууж харагддаг. Дандарын морин жолоочийн алба амаргүй алба шиг санагддаг байсан. Би Дандарыг 39 бас 45 оны чөлөөлөх дайны хоёр удаагийн улсын баатар байх ёстой хүн гэж боддог юм шүү. Аюуштай хамт амь үрэгдсэн Дашдондог бол баатар хүн. Түүний эцэг Гомбосүрэн гуайнх манай эцгийнтэй нутаг ойр болохоор биднийг цэрэгт мордсоны өвөл аянгаар хот орж хүүгээ эргэж байсан. Надыг 46 оны намар халагдаад ирэхэд надыг ирж гэж дуулаад манайд ирж хоноод явахдаа тэр жил надыг очиход та хоёр тэрсхэн юмнууд гүйж ирж байсан би яагаад ч юм хүүгээ ойр дээр нь эргэж очмоор санагдаад аянд мордсон нь тэр гэж хэлээд бодлогоширон сууж билээ. Бага дарга нарыг жилийн дараа халсан юм. Халагдахаас сарын өмнө Цэргийн хүндэт медалиар шагнасныг нь авахаар одоогийн УБИС-ийн байранд Засгийн Газрын Ордонд очиход Бумцэнд гуай Цэргийн даргынхаа дүрэмт хувцастай хэрнээ Монгол гуталтай байх нь над сонин санагдаж байж билээ. Дайны дараа нэг жил хотод одоогийн энэ засгийн газрын ордон бас дуу бүжгийн театрыг олзны Япон цэргүүдээр бариулж тэднийг харгалзах харуулын алба хаалаа. Тэдний нэлээд нь бөөсөн тип тусч ядарч гутарч үхэж үрэгдэж байгааг харахад хэдийгээр дайсан байсан ч гэсэн хүний үр болохоор өрөвдөлтэй санагддаг байсан. Ингээд 46 оны намар халагдаад УБ-аас Хадаасхан хүртэл машинаар ирээд цааш морин өртөөгөөр явж нутагтаа ирэхэд цаг тайван болчихсон налайсан халуун намраар голио, царцаа шаагиад, таана ханхинаад мөн ч сайхан санагдаж байж билээ. Манай эцгийнх тэгэхэд одоогийн энэ Тарагт, Төгрөг хоёр сумын зааг нутаг Мазарын Хоолойн Могойн голд намаржиж байсан. Аймгийн төвөөс өртөө сэлгээд нутгийн захын айлд бууж эцгийнхээ хаана намаржиж байгааг дуулах гэж тун ч их яарч байж мэдээд харих гэж илүү ихээр шавдуулан Тарагтын цагаан зоог уруудан хатируулж яваад эргээд нэг харсан чинь өртөөний хүн тэр ард хоцорсон харагдаж байсан. Намайг халагдаж ирэхийг манайхан дуулаагүй байсан байх тэгээд уяан дээр ирээд буухад айлын хүн хараад энгэртээ одон медаль гялалзуулсан албаны хүн өртөө албаны ажлаар ирж байна даа гэж хараад надыг мориноосоо буугаад алхахаар таниад хүүе Хорлоо гараарай хүү чинь ирж байна гэх чимээгээр манай хоёр гэрийнхээ ширмэл эсгий үүдийг хүү татах шахан гарч ирж надыг угтаж би эднийхээ санааг тэгж нэг амраасан юмдаа.